Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг (Зөвлөгч, Зуучлагч, Тайтгаруулагч, Өмгөөлөгч, Хүчирхэгжүүлэгч, Түшигч) өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. — Иохан 14:16
Бидний хамгийн том дайсан бол сэтгэл хөдлөл юм. Бид өөрсдийнхөө мэдрэмжээр удирдуулах хандлагатай байдаг ч мэдрэмжүүд нь хувирамтгай бөгөөд өдөр тутам өөрчлөгдөж байдгийг ухаарах хэрэгтэй. Бид оюун санаанаасаа гарч буй бодол бүрийг дагахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Учир нь бодол санаа, мэдрэмж маань бидэнд үнэнийг зааж өгдөггүй.
Жишээ нь: олон хүн үнэнтэй нүүр тулж чаддаггүй учраас сэтгэл гутралд автсан байдаг. Харин Ариун Сүнс бидэнд үнэнийг илчлэхийн тулд ирсэн. Бид өөрсдийн тулгамдсан асуудлууддаа шалтаг хайж, бусдыг буруутгахын оронд үнэнтэй нүүр тулж, аливаа буруу үйлдэлдээ хариуцлага үүрэх ёстой. Хэрэв бид ингэвэл, Бурханаас тусламж гуйхад хүнд ачаа, дарамтын сүнс биднийг орхисноор бид хөнгөрч, эрх чөлөөтэй байдлыг мэдрэх болно.
Та Ариун Сүнсэнд захирагдаж, Түүний илчилсэн мэргэн ухааныг дуулгавартай дагавал өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ялан дийлж чадна. Есүс Түүнийг бидний Тайтгаруулагч, Зөвлөгч, Туслагч, Зуучлагч, Өмгөөлөгч, Хүчирхэгжүүлэгч ба бидэнтэй хамт үүрд үлдэх Өмөг түшиг байхаар илгээсэн юм.
Бид сэтгэлээр унасан, урам зориггүй, гунигтай, цөхөрсөн байх шаардлагагүйн төлөө Бурханд талархагтун. Ариун Сүнс бидэнд сэтгэл хөдлөлөө даван гарах ялалтыг өгдөг!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс минь, би сэтгэл хөдлөл, зан авираа өөрөө хянан удирдаж чадахгүй.Та намайг удирдаж, хүч чадлаа өгч, надад тусалж байгаад Танд талархаж байна.