
Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. — Исаиа 43:2
Бидэнд ихэвчлэн тулгардаг худал хуурмагийн нэг бол бид ганцаараа диаволын эсрэг тулалддаг гэсэн худал юм. Тэр бидийг тусгаарлаж, өөр хэн ч бид нар шиг ийм хүнд бэрхшээлийг туулж байгаагүй гэж бодогдуулах тун дуртай.
Харин үнэн хэрэгтээ бид бүгдээрээ тэмцэлдэж байгаа. Ядарч цуцаж байгаа нь ганцхан та биш ээ. Сатаны худал хуурмагийг эсэргүүцэж, түүний эсрэг зогсож, тэр бүү хэл өөрийнхөө мэдрэмжийг хүртэл эсэргүүцэхээс ядарч байгаа хүн нь ганцхан та биш.
Надад ч гэсэн тантай адил итгэлийн сайн тэмцлээр тэмцэх шаардлага гардаг. Мөн бусад тоолшгүй олон итгэгч тантай хамт дайсны эсрэг зогсож байгаа.
Бурхан замын турш алхам бүрт тантай хамт явдаг нь хамгийн сайхан. Исаиа 43:2 эшлэлд Бурхан Өөрөө бидэнтэй хамт алхдаг учраас бид юуг ч туулж гарна гэж амладаг. Бид их усыг гаталсан ч живэхгүй, гал дундуур гарсан ч түлэгдэхгүй. Үүнд нэг л шалтгаан бий. Тэр бидэнтэй хамт байдаг.
Иймээс зоригтой байгтун. Урагшилсаар бай. Бурхан таны өмнө тулгарсан тулаан бүрт мэргэн ухаан ба хүч чадлыг өгнө.
Залбирлын эхлэл
Бурхан минь, надтай болон дайсны эсрэг тулалдаж байгаа бусад дагалдагчидтай хамт байдагт баярлалаа. Намайг ганцаараа гэж хэлдэг худал хуурмагт би итгэхгүй. Үргэлж бидэнтэй хамт байдаг итгэмжит Бурхан минь, хэрэгцээтэй цагт бидний тусламж байгаач.