Нэг биед олон эрхтэн байдгийн адил мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христэд (Мессиа) нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ [харилцан бие биендээ хамааралтай байх] эрхтэн юм. – Ром 12:4-5
Өнөөдрийн эшлэл нь хувь хүн бүрт төрөл бүрийн бэлгүүд өгөгдсөн талаар бидэнд өгүүлдэг. Бид бүгд Христийн нэг биеийн эрхтнүүд, Тэр бол Толгой нь юм. Бодит амьдрал дээр, хүний бие махбод бүхлээрээ зүй зохистой ажиллахын тулд биеийн бүх эрхтэн толгойнд хамааралтай байх ёстой байдаг. Бие махбодын янз бүрийн эрхтнүүд өөр хоорондоо хамтарч ажилладаг. Тэд бие биендээ атаархаж, тэмцэлддэггүй. Гутал өмсөхийн тулд гар хөлөнд тусалдаг. Хөл бие махбодыг явах ёстой газар луу нь хүргэж өгдөг. Ам бусад эрхтнүүдийн төлөө ярьдаг. Хүний биенд маш олон эрхтнүүд байдаг. Тэд бүгдээрээ яг адилхан үүргийг гүйцэтгэдэггүй боловч нэг хамтарсан зорилгын төлөө хамтдаа ажилладаг. Христийн сүнсний бие нь яг үүнтэй адил ажиллах хэрэгтэй. Тийм л учраас Ариун Сүнс Паулаар Ром номыг бичүүлэхдээ, хүний бие махбодыг жишээ болгон хэрэглүүлсэн байдаг.
Бурханы бидэнд бүтээсэн арга зам, бидэнд даалгасан үүрэг хариуцлагын дагуу бид үйлдэлгүй, өөр арга замаар үйлдэхийг оролдвол эцэстээ бидний амьдрал дарамт шахалтаар л дуусдаг. Харин Бурханы бидэнд зориулсан үүргийг л бид хийж гүйцэтгэвэл баяр баясгалан, сэтгэл хангалуун байдал, агуу шагналуудыг хүлээн авдаг. Бид өөрсдийнхөө өвөрмөц, тусгайлан тохируулсан хувь тавилангаа олж мэдэхийн тулд Ариун Сүнснтэй хамтран ажиллах, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд өөрсдийн чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бурхан танаар ямар нэгэн зүйл хийлгэхийн тулд бэлэг авьяас, чадварыг өгсөн учраас та тухайн зүйлийг хийхдээ үнэхээр сайн байх болно. Тиймээс та сайн хийдэг тэр нэгэн зүйлээ олж аван, түүнийгээ үйлдэж эхэл.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Хэрэв та Бурханаар хэрэглэгдэхийг хүсдэг бол тэрхүү хэрэгцээгээ олж, түүнтэй учир.