
Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач. — Марк 9:24
Та маш хүнд нөхцөлд орчихоод Бурханаас «Яагаад, яагаад энэ бүхэн надад тохиолдож байгаа юм бэ»? гэж асууж байсан тохиолдлоо санаж байна уу?
Байзаарай, Бурхан энэ асуултад үнэхээр хариулсан гэж төсөөлөөд үзье. Түүний тайлбар ямар нэг зүйлийг өөрчлөх байсан болов уу? Эмгэнэлт явдлын уршиг нь танд нөлөөлсөөр, бас учруулсан шарх нь яг өмнөх шигээ янгинаж өвдсөөр л байх болно. Та энэ тайлбараас ямар сургамж авч болох вэ?
Бид Бурханд яагаад гэдэг асуулт тавихдаа үнэн хэрэгтээ, «Бурхан, та надад хайртай юм уу? Миний уй гашуу, өвчин шаналлын үед та намайг халамжилж байна уу? Та намайг ганцааранг минь орхихгүй, тийм биз дээ»? гэж асуудаг юм шиг санагддаг. Бурхан бидэнд жинхнээсээ санаа тавьдаггүй байх вий гэж айсандаа бид тайлбар нэхсэн асуулт тавьдаг байж болох уу?
Харин үүний оронд бид ингэж хэлж сурах хэрэгтэй. «Эзэн, би итгэж байна. Би ойлгохгүй байна, бас эдгээр золгүй зүйлс яагаад болсны учрыг би хэзээ ч олж мэдэхгүй байх. Гэхдээ миний тодорхой мэдэж байгаа зүйл бол Та надад хайртай бөгөөд үргэлж надтай хамт байна».
Ямар нэг юмнаас чөлөөлөгдөхөөс аливаа зүйлийг ялалтаар давж гарахад илүү их итгэл шаардагддаг. Итгэлээ Бурханд тавь. Тэгвэл та асуудлын нөгөө талд илүү хүчирхэг нэгэн болж гарч ирнэ.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Танд итгэдэг. Миний бодол санааг эргэлзээгээр дүүргэх нөхцөл байдалд ч би Тандаа итгэнэ. Надад зориулсан Таны хайрыг санаж, надад юу ч тохиолдсон, Танд итгэлээ өгдөг байхад минь туслаач.