Гуйлтын Сүнс

Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. – Зехариа 12:10

Өнөөдрийн эшлэлийн дагуу Ариун Сүнс бол Гуйлтын Сүнс бөгөөд Залбирлын Сүнс гэсэн үг. Ариун Сүнс бидэнд залбирах хүслийг өгдөг нь Түүний бидэнтэй ярьдаг арга замуудынх нь нэг юм. Тэр биднийг бодол санаанд минь орж ирэх хэн нэгэн хүн, нөхцөл байдлын төлөө залбируулж, бодуулах байдал руу хэр их хөтөлдгийг бид тэгтлээ их анзаардаггүй байж болох юм. Бурханы биднээр залбируулахыг хүсэж буй зүйлийг ухаарч ойлгоход суралцах явдал нь цаг хугацааг байнга шаарддаг бөгөөд миний хувьд  дадлага хийж байж суралцсан зүйл билээ.

Нэгэн Даваа гарагт миний таньдаг нэг пасторын талаар бодол надад орж ирсэн юм. Дараагийн гурван өдрийн турш тэр миний бодолд дахин дахин орж ирсээр байв. Лхагва гарагт бизнесийн товлосон уулзалтанд очихдоо, түүний нарийн бичгийн даргатай тааралдсан ба тэр даруйдаа нөгөө пасторын талаар асуусан юм. Тэгтэл долоон хоногийн турш тэр пастор өвчтэй байсан, бас түүний аав нь бүх биеэр нь тархсан хавдартай гэж оношлогдсоныг тэр олж мэдсэн гэдгийг би түүнээс дуулсан юм.

Долоо  хоногийн турш тэр пастор миний зүрх сэтгэлд байнга орж ирээд байсны учрыг би ойлгосон юм. Би түүний төлөө залбираагүй, зүгээр бодож байснаа хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээж Ариун Сүнсний удирдамжийг ойлгохгүй өнгөрөөсөндөө би харамсаж байсан боловч Түүний дуу хоолойг сонсох талаарх энэ чухал хичээлд намайг суралцах зуур, Бурхан бусад хүмүүсээр тэр пасторын төлөө залбируулж байсан гэдэг нь ойлгомжтой билээ.

Иймэрхүү зүйлүүд бидэнд тохиолдоход өөрсдийгөө буруутгах хэрэггүй. Учир нь бид суралцаж яваа хүмүүс билээ. Гуйлтын Сүнс бидний дотор амьдарч, хөтөлж, бидэнтэй ярьдаг. Бид Түүний удирдамжинд мэдрэмжтэй хандах байдалд үргэлжлүүлэн өсөх хэрэгтэй. Тэр бидэнд залбирахыг сануулах үед бид бусдын төлөө залбирч, тэдний амьдралд Бурхан агуу зүйлүүдийг хийхийг харж чадна.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Хэн нэгний төлөө зүгээр бодсоноос тэдний төлөө залбирсан нь дээр.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon