Ганц хүнийг хэн нэг нь дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй. — Номлогчийн үгс 4:12
Үнэхээрийн гойд сайн гэрлэлтээс илүү дээр юм гэж байдаггүйн адил таагүй муу гэрлэлтээс илүү хэцүү, муухай юм гэж үгүй. Христэд итгэлт гэрлэлт нь Бурханы хүслийг гүйцэлдүүлэхэд хоёр хүн хүчирхэг нөлөөлөл болж чаддагийн амьд нотолгоо болдог. Энэ хүсэл нь нэг талаас бидний таашаалд, нөгөөтэйгүүр энэ ертөнцөд нөлөөлөхийн тулд өгөгддөг юм.
Хэдий тийм боловч хоёр хувь хүн нэгдэж, нийлэмжтэй сайхан гэрлэлт болох үйл явц өөрөө аяандаа бий болчихгүй. Гэрлэхдээ тухайн хоёр хүн нэг нэгэндээ ухаангүй их хайртай байсан ч сайн гэр бүлийн амьдрал зүгээр л яваандаа бүрэлдэхгүй. Та энэ үйл явцдаа Бурханыг урин залах хэрэгтэй.
Бид Есүсийг таньж мэдэн, Түүнийг гэрлэлтийн амьдралдаа урихад бидний харилцаа гурамсалж гөрсөн сур болдог. Христийг оролцуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүлийн холбоо дийлдэшгүй хүчтэй байдаг.
Жаргалттай гэрлэлт гэхлээр үргэлж бидний хүссэнээр хөдөлдөг хүнийг олж сууна гэсэн үг биш. Энэ бол хоёр төгс бус хүн, төгс Бурханд итгэж найдан, тэдэнд зориулсан Түүний хүсэл ба зорилгод захирагдаж амьдрахтай холбоотой. Тийм гэрлэлтийг Бурхан бүрэн ерөөж чадна!
Залбирлын эхлэл
Бурхан минь, би ханьдаа хайртай. Гэлээ ч хоёроор гөрсөн сур бидэнд хангалтгүй гэдгийг ухаарч, Таныг гэр бүлийн амьдралдаа урьмаар байна. Нэг нэгнээ гэсэн бидний хайрыг Та улам их хүчирхэгжүүлж, бидэнд зориулсан төлөвлөгөөнийхөө дагуу биднийг удирдахыг гуйж байна.