Зөвтийн залбирал (чин зүрхний, үргэлжилсэн) үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж [эрчтэй ажиллах] чадна. — Иаков 5:16
Итгэлээр дүүрэн, чин зүрхний, энгийн залбирал үргэлж Бурханы анхаарлыг татдаг гэдгийг би мэдсэн. Харамсалтай нь бид үүнийг тоохгүй өнгөрөөж, өөрийн залбирлыг томоохон тоглолт болгож хувиргадаг. Гэтэл бодит хэрэг дээр, залбирал гэдэг нь зүгээр л Бурхантай ярихыг хэлнэ.
Бид зарбирч байхдаа өөртөө сэтгэгдэл төрүүлэх гэж залбирахаас сэрэмжлэх хэрэгтэй. Заримдаа бид яруу сайхан сонсогдох, уран үгээр залбирах ёстой гэж боддог юм шиг, надад санагддаг. Бид Бурханд үгээрээ сэтгэгдэл төрүүлж, ариун сонсогдохыг хүсдэг. Харин Бурхан бидэнтэй зүгээр л ярилцахыг хүсдэг.
Биднийг өөр дуу хоолойгоор биш, Түүнтэй зүгээр л найзтайгаа ярьж байгаа юм шиг энгийн харьцаасай гэж Тэр хүсдэг. Хэрэв бид өдрийн турш албан ёсны, боловсон хэлээр ярьдаггүй л бол залбирахдаа ч ингэсний хэрэггүй.
Мөн бид бүтэн хэдэн цагийн турш тасралтгүй залбирах албагүй. Залбирлын цагийн хуваарьтай байх нь сайн. Гэхдээ бид залбирах сэдвээ дуустал залбираад дараагийн удаа дахиад залбирах хэрэгтэйгээ мэдрэх хүртэл явж ажлаа хөөцөлдөх хэрэгтэй.
Залбирлыг Бурханы танд хийсэн бүхнийх нь төлөө Түүнийг магтаж, талархах боломж гэж үзэж, Түүний тусламжийг гуйн, хийж байгаа бүх зүйлдээ Түүнийг оролцуулах нь залбиралдаа бүрэн хангалуун байх цорын ганц арга зам юм. Мөн Тэр таныг алмайрч бишрэхийн тулд тантай байдаггүй. Тэрээр тантай хамт амьдрахын тулд ирдэг. Үзүүлэн тоглолт бүү хий. Зүгээр л Түүнийг амьдралдаа урьж оруул.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, залбирлаа тоглолт болгохыг надад бүү зөвшөөрөөч! Би Танд сэтгэгдэл төрүүлэхийн тулд тодорхой арга замаар, тодорхой цагаар залбирч байхыг хүсэхгүй байна. Би зүгээр л Таныг миний хамгийн дотны анд болон миний амьдралын талбар бүрийн салшгүй хэсэг байлгамаар байна.