
Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан Эзэн минь ээ! Өнөөдөр боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, [чангаар] хашхирах гуйлтыг сонсооч. – 1 Хаад 8:28
Заримдаа та бусдын төлөө залбирч байх үед зарим хүмүүсийн нэрлэдгээр залбирлын буулга эсвэл зуучлан залбирлын буулгыг үүрч болно. Буулга гэдэг нь таны зүрх сэтгэлд орж ирэх зүйл бөгөөд энэ нь дарамттай байдал болон чухал байдлаа танд мэдрүүлдэг. Энэ нь Бурхан таныг залбираасай гэж хүсэж байгаа, сэгсрээд хаячхаж чаддаггүй тэр нэгэн зүйл юм. Заримдаа Бурхан тэрхүү буулганы талаар тантай ярьж, тайлбарлаж магадгүй. Бусад үед буулга нь юу болох талаар та огт мэдэхгүй, тухайн зүйлийн талаар бүрэн ойлгож чадахгүй зөвхөн залбирах ёстой гэдгээ л мэддэг.
Зарим хүн маш олон тодорхой зүйлүүдийн төлөө залбирахын тулд дуудагдсан байдаг. Нөхөр маань Америкийн маш олон зүйлийн төлөө залбирдаг. Израилийн төлөө цаг үргэлж залбирдаг хүмүүсийг би мэднэ. Нэг эмэгтэй дайнаас буцан ирж буй цэргүүдийн төлөө залбирдаг гэдгээ хэлж байсан. Бурханы хувьд энэ дэлхийг бүрхсэн бүх л хэрэгцээ байдаг гэдэгт би итгэдэг. Бид бүгдээрээ яг адилхан зүйлийн төлөө залбираад байх шаардлагагүй. Учир нь хэрэв бид тийм байвал бүх хэрэгцээ хангагдахгүй байх болно. Таны зүрх сэтгэлд Бурхан юуг байрлуулж байгаад анхаарлаа хандуулж, түүний төлөө залбир.
Бидэнтэй ярьдаг Бурханы арга замуудын нэг бол бусдын төлөөх буулгыг бидэнд өгөх явдал юм. Тэр үүнийг ихэнхдээ ямар ч үггүйгээр өгдөг хэдий ч, бид зүрх сэтгэлдээ тухайн хүмүүсийн төлөөх сэтгэлийн дарамтыг үүрч, санаа зовдог. Энэ байдал тохиолдох үед биднийг тэдгээр хүмүүсийн төлөө залбираасай гэж хүсэж байдаг. Түүний танд өгч буй буулгуудад анхаарлаа хандуулж, Тэр танаас залбирахыг хүсэх үед, итгэмжтэйгээр залбир.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Та бусдын төлөө залбирах үедээ, Бурхан бас хэн нэгнийг таны төлөө залбируулж байгаа гэдгийг санаарай.