Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юу гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. — Галат 5:17
Бидний амьдралд зориулсан Бурханы хүслийг биелүүлэх, амжилт гаргахын тулд бидэнд шийдэмгий байдал зайлшгүй хэрэгтэй. Шийдэмгий байх гэдэг үгийг тодорхойлбол «эрх мэдэл бүхий шийдвэр буюу мэдэгдлээр маргааныг шийдвэрлэх» гэсэн утгатай. Энэ тодорхойлолт надад урам зориг өгдөг. Учир нь би зарим талбарт өөрийнхөө шийдэмгий байдлыг бататгах замаар «мэдэгдэл» хийх явдал нэлээд их тохиолддог.
Жишээ нь: эцэж туйлдан, ямар нэг шалтгааны улмаас өөрийгөө өрөвдөх уруу таталтанд орвол би өөртөө, Үгүй шүү! Чи ингэж болохгүй! Гоншгонохоо болиод цэх зогс! Бурхан надад хайртай бөгөөд надад хүчийг өгөгч Христээр би бүхнийг хийж чадна гэж хэлдэг.
Галат 5:17-д махан бие, сүнс хоёр бие биенийгээ эсэргүүцдэг гэж хэлсэн. Шийдэмгий байх гэдэг үг маргаан, зөрчлийг шийдвэрлэх гэсэн санааг агуулдгийг санаарай. Энэ бол маш чухал. Учир нь хэрэв та өөрийгөө ямар нэг зүйлд зориулах гэж байгаа бол өөрийнхөө махан бие ба сүнсний хоорондох эцэс төгсгөлгүй зөрчилдөөнийг шийдвэрлэх хэрэгтэй болно.
Шийдэмгий байхын тулд хичээл зүтгэл гаргамааргүй үе байж болох ч бууж өгч болохгүй. Эс бөгөөс та Бурханы хүслийн гадна үлдэх болно. Та бууж өгөх уруу таталтанд автах гээд байвал Бурханы үгэнд суурилсан «шийдвэрээ» тунхагла. Тийнхүү шийдэмгий байдлаа зоригжуулж, Түүний төлөвлөгөөг дагахдаа өөрийнхөө махан бие болон сүнс хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх болно.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, өөрийнхөө махан бие ба сүнс хоорондын зөрчилдөөнийг би шийдэхийг хүсэж байна. Би шийдэмгий байхгүй л бол үүнийг шийдвэрлэж чадахгүй. Хэзээ ч бууж өгөлгүй урагшилсаар байхын тулд намайг хүчирхэгжүүлж, зөв тунхаг мэдэгдлийг надад өгөөч.