Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. – Матай 5:44
Таны залбирч чадах хамгийн хүчтэй залбирлуудын нэг бол дайснуудынхаа төлөө залбирах залбирал юм. Хэрэв та залбиралдаа агуу хэн нэгнийг харахыг хүсдэг бол дайсныхаа төлөө залбирч буй хүнийг хай. Биднийг гомдоосон, урвасан хүмүүсийн төлөө бид залбирвал, Бурхан биднийг агуугаар ивээдэг гэдэгт би итгэдэг.
Иовыг санаж байна уу? Түүний найзууд нь түүнийг үнэхээр гомдоож, урмыг нь хугалсны дараа тэр тэдний төлөө залбирах хэрэгтэй болж байсан. Түүнийг тийнхүү залбирангуут л, Бурхан түүний амьдралыг буцаан сэргээж эхэлсэн билээ. Үнэндээ, Бурхан түүний алдсаныг нь хоёр дахин нугалж, эргүүлэн өгсөн юм (Иов 42:10 харах)! Биднийг гомдоосон хэн нэгний төлөө залбирна гэдэг нь маш хүчтэй. Яагаад гэвэл бид тийнхүү үйлдвэл хайран дотор алхах байдлаар тухайн хүнд хандаж, Бурханы Үгийг дуулгавартай дагаж байна гэсэн үг.
Өнөөдрийн эшлэлээс бид Бурханы дуу хоолойг сонсож болно. Энэхүү эшлэлд Есүс бидэнд юуг хий гэж хэлж байна вэ? Тэр биднийг дайснуудынхаа төлөө залбир гэсэн. Таныг ашигласан, хүчирхийлсэн, хорлосон, таны талаар муу зүйлийг ярьсан хүмүүсийн тухай та бодох үедээ тэднийг ивээж ерөө, бүү хараа. Тэдний төлөө залбир. Дайснуудаа ивээх гэдэг нь амархан биш, та тийнхүү үйлдмээргүй байгааг чинь Бурхан мэддэг. Гэвч та хиймээргүй байгаа учраас л үүнийг хийдэггүй биш, та үүнийг Эзэний төлөө хийдэг билээ. Хараахын оронд залбирал, ивээлийг сонгоно гэдэг нь сүнсний орчинд маш хүчтэй зүйл бөгөөд үр дүнд нь Бурхан таны амьдралд гайхамшигт зүйлүүдийг хийх болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Хорон сүнстэй хүмүүс таныг өөрсдийнхөө түвшинд хүргэж, доош нь буулгаж, таныг тэдэн шиг үйлдэхийг нь та өөртөө бүү зөвшөөр.