Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. — Ром 12:2
«Оюун санааг үрэн таран хийх нь аймшигтай хэрэг» гэсэн зүйр үгийг та сонсож байсан уу? Бидний оюун ухаан сайныг үйлдэх, сурах, бүтээх, бодох, өсөх маш их чадамжтай бөгөөд үүнийгээ бид дээд хүчин чадлаар нь ашигладаггүй нь эмгэнэл.
Сөрөг, буруутгал, уучилдаггүй, ичгүүртэй, шаналгасан, яллалсан зэрэг сүйрэлд хүргэх маш их бодол санааг оюун ухаандаа оруулахыг зөвшөөрсөн үе миний амьдралд байсан. Би өөрийнхөө оюун бодлыг хянах эсвэл аль нэг дээр нь төвлөрч, итгэх сонголт надад байдгийг мэддэггүйд хамаг асуудал байв.
Үнэн биш юмыг бодохоо зогсоох хүч чадал надад байдгийг би ухаараагүй байсан. Юуны талаар бодох сонголт надад байгааг хэн ч, хэзээ ч надад хэлж байгаагүй. Танд хэн нэгэн үүнийг хэлж байсан уу? Хэрэв үгүй бол бодол санаандаа өөрийгөө захирахыг зөвшөөрөх хэрэггүй гэж танд хэлэхээр өнөөдөр би энд байна. Та Бурханы бодол санаан дээр төвлөрч, юуг бодохоо сонгож болно шүү!
Ром 12:2 оюун ухаанаа өөрчлөн шинэчилснээр… Бурханаар өөрчлөгдөх тухай хэлж байна. Оюун ухаанд өрнөдөг тулаанд ялалт байгуулахад чинь Бурхан танд туслахыг хүсэж байна. Харин бодит амьдралд энэ нь яаж хэрэгжих вэ?
Надад тоо тоймшгүй олон удаа тус болсон, танд ч гэсэн үйлчлэх нэгэн зүйл байна. Дараагийн удаа оюун санаандаа тэмцэлдэх үедээ элдвийн юм бодохоо болиод Бурханд талархах онцгой нэг зүйлийг сана. Түүний сайхан сэтгэл болон таны амьдралыг өгөөмрөөр ерөөсөн бүхий л арга замынх нь төлөө ямар их талархалтай байгаагаа Түүнд хэл. Та энэ аргыг хичээнгүйлэн хэрэгжүүлэх явцад таны амьдрал өөрчлөгдөж, бүх зүйл дээрдэж эхлэхийг харах болно.
Бидний найдвар залбирлаар та Бурханы өгсөн хүч чадлыг өдөр бүр оюун бодол,санаандаа мэдэрч, Түүний хайрын бялхам дүүрэн хүртэх болно!
Залбирлын эхлэл
Бурхан минь, би оюун бодолдоо Таны хүч чадлыг мэдмээр байна. Надад зориулсан Таны хайр болон сайн сайханд төвлөрөхийг би сонгож байна. Надад ямар нэг сөрөг бодол санаа орж ирсэн ч Та үүнээс хавьгүй аугаа бөгөөд хүчтэй гэдгийг би мэднэ.