Учир нь бид махбодод алхдаг ч (амьдардаг), махбодын дагуу дайтдаггүй. — 2 Коринт 10:3
Анхааралтай стратеги хийгээд овжин худал хуурмагаар Сатан таны эсрэг дайн дэгдээж, таныг ялагдсан бодолтой байлгах гэж оролддог. Харин түүний эсрэг ашиглах сүнслэг зэвсгийг Бурхан танд өгсөн. Дайснаа бут цохихын тулд хэрэглэж болох гурван гол сүнслэг зэвсгийг энд нэрлэе.
- Бурханы үг. Үүнийг номлол, сургалт болон хувийн Библи судлалаар дамжуулан хүлээж ав. Ариун Сүнс танд үгийг илчилж, ойлгуулж өгөх хүртэл үгийг уншиж судалсаар бай.
- Магтаал. Бурханыг магтах нь тулааны өөр ямар ч төлөвлөгөөнөөс илүү хурдан бөгөөд үр дүнтэйгээр дайсныг ялахад хүргэдэг. Гэхдээ зүгээр нэг амаараа магтах эсвэл шашинлаг зан үйл биш, харин чин зүрхний магтаал байх ёстой.
- Залбирал. Залбирал бол Бурхантай харилцах харилцаа юм. Энэ нь бид Түүнтэй харилцаж, Түүнээс тусламж гуйх юмуу зүрхэндээ байгаа ямар ч зүйлийн талаар ярина гэсэн үг. Мөн энэ нь Бурханы оршихуйд чимээгүй байж, Түүний таны зүрхэнд ярихыг сонсохыг хэлнэ. Үр нөлөөтэй залбирлын амьдралтай байхын тулд бид Бурхан Аавтайгаа хувийн, ойр дотны харилцааг бий болгох ёстой. Тэр танд хайртай бөгөөд танд туслахыг үргэлж хүсдэг гэдгийг мэдэж ав.
Сүнслэг дайн үргэлжилсээр байна. Харин Бурхан таны талд тулалдаж байгаа бөгөөд танд хэрэгтэй бүх зэвсгээр хангасан. Сатаныг зайлуулахын тулд эдгээрийг ашигла!
Залбирлын эхлэл
Эзэн, дайсныхаа эсрэг тулалдахад хэрэгтэй сүнслэг зэвсгүүдийг өгсөнд баярлалаа. Таны тусламжтай би өнөөдөр энэ тулаанд ялж чадна гэдгээ мэдлээ!