
Хозлуулахуй ба эс хозлуулахуй аль нь [хэрэв бид нар] Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм. – Галат 5:6
Маш олон хүмүүс агуу итгэл бол сүнсний төлөвшилтийн номер нэг шинж тэмдэг гэж боддог боловч сүнсний төлөвшилтийн хамгийн үнэн шалгалт нь хайран дотор алхах явдал гэдэгт би итгэдэг. Бидний хайрын алхаа нь бидний итгэлийг идэвхжүүлдэг. Бурханд итгэх итгэлгүйгээр бид Бурхантай сайн харилцаатай байж чадахгүй боловч хайр нь бидний итгэлийг тодорхойлж, хүчирхэгжүүлж, харуулж байдаг. Хэрэв бид Бурханд үнэхээр хайртай, Түүнд итгэдэг юм бол хүмүүсийг бас хайрладаг юм.
Өнөөдрийн эшлэл нь итгэл нь хайраар дамжуулан ажилладаг гэдгийг бидэнд заадаг бөгөөд хайр гэдэг нь зүгээр л нэг яриа болон онол биш, энэ нь үйлс билээ. Үнэндээ, хэрэв бид ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал бид хайран дотор алхаж чадахгүй билээ гэж Библид хэлсэн байдаг (1 Иохан 3:17 харах).
Есүс “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм хэмээн хэлэх үедээ, бүх хууль ба бүх эш үзүүлэгчдийг хайран дотор нэгтгэсэн байдаг (Матай 22:37-40). Есүс эдгээр үгсийг аль тушаал хамгийн чухал нь вэ гэж асууж байсан хүмүүст хэлсэн юм. Тэд ерөнхийдөө: “Бидэнд хамгийн голыг нь л хэлээд өг, Есүс” хэмээн Түүнээс асуусан байсан. Тэр “Ойлголоо. Та нар хамгийн голыг нь мэдэхийг хүсэж байна уу? Та нар бүх хууль ба бүх эш үзүүлэгч нарыг дуулгавартай дагахыг хүсэж байна уу? Тэгвэл Намайг хайрла, бусдыг хайрла”гэж хариулсан юм. Энэ нь ийм энгийн юм. Хайран дотор алхана гэдэг нь Түүнд таалагдах амьдралаар амьдрахын гол түлхүүр нь гэдгийг Есүс хүмүүст мэдүүлсэн билээ. Хайр байхгүйгээр итгэл дотор алхахыг оролдох гэдэг нь ямар ч зайгүй гар чийдэн шиг билээ. Бид цаг үргэлж өөрсдийнхөө хайрын зайг цэнэглэж байх ёстой. Үгүй бол бидний итгэл ажиллахгүй байх болно!
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхан бол хайр бөгөөд бид Түүнийг илүү мэдэх тусам бусдыг улам л их хайрлах болно.