Та ганцаардалгүйгээр байх боломжтой

Та ганцаардалгүйгээр байх боломжтой

Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч! — Дэд хууль 31:6

Ганцаардал ихэвчлэн дотоод хоосон орон зай, хүний хайр, анхаарлыг хүсэмжилсэн цангаа, сэтгэлийн өвдөлт зэргээр мэдрэгддэг. Ганцаардлыг дагалдах сөрөг нөлөө нь утгагүй хоосон мэдрэмж, хэнд ч хэрэггүй мэт мэдрэмж, зорилгогүй тэмүүлэлгүй мэдрэмж зэрэг юм. Хүнд ганцаардах олон шалтгаан байдаг ч ганцаардалтай заавал эвлэрч амьдрах шаардлагагүй гэдгийг ойлгоогүй хүн олон байдаг. Эдгээрийг эсэргүүцэж, шийдвэрлэх боломжтой.

Та ганцаараа байгаа учраас л ганцаардмал байж, энэ муухай мэдрэмжийг тэвчиж амьдрах ёстой гэсэн үг биш гэдгийг ойлгох нь чухал. Ганцаараа байх нөхцөлийг дандаа тойрч гарах боломжгүй байдаг ч ганцаардалд дарамтлагдаж зовохоос хол байх арга зам бий.

Бурхан үргэлж бидэнтэй хамт байдаг учир хүчтэй бөгөөд зоригтой бай гэж Бурханы үг бидэнд хэлдэг. Биеэрээ ганцаараа байж болох ч сүнсний хувьд Бурхан ямагт дэргэд чинь байгаа тул ганцаардах хэрэггүй гэсэн үг. Тэр таныг хэзээ ч орхихгүй, хэзээ ч хаяхгүй.

Дараагийн удаа ганцаардлын мэдрэмж таны амьдралд өндөлзөх гэж оролдвол Дэд хууль 31:6 эшлэлийг санаж байхыг би хичээнгүйлэн хүсэж байна. Бурхан тантай хамт байгаа гэдгийг чанга дуугаар тунхаглаж, Түүнтэй шууд ярьж эхэл. Түүнд орон зайг гаргаж өгөхөд Түүний оршихуй таны амьдралыг дүүргэж өгнө. Хаа явсан газарт чинь Бурханы оршихуй тантай хамт байх учраас танд ганцаардах шаардлага байхгүй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та надтай үргэлж хамт байдагт би маш их баяртай байна. Та дэргэд минь байгаа учраас би хэзээ ч ганцаардахгүй гэдгийг бат мэдлээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon