Сүнс дуудагчид руу бүү эргэ, мэргэ төлгөчдийг бүү эрж хай. Тэднээр бүү бузарлагд. Та нарын Бурхан Эзэн Би. – Леви 19:31
Итгэгч нарын хувьд бид Бурхантай болон сүнсний орчинтой холбогдох боломжтой байдаг. Бид Бурханы дуу хоолойг сонсож, удирдамжийг нь хүлээн авч чаддаг. Маш олон хүн сүнсний удирдамжийг хүсдэг ч үүнийг хүн болгон Бурханаас эрэлхийлдэггүй.
Дэлхий дахинд маш олон хүн өөрсдийн зөвлөгөө, удирдамжаа тэнгэрийн одод, сүнс дуудагчид, мэргэ төлөгчид, иймэрхүү маягийн зүйл болон хүмүүсээс хайдаг. Энэ нь буруу бөгөөд Бурханыг гомдоодог. Сатан маш олон хүнийг энэхүү арга замаар мэхэлдэг. Хүмүүс амьдралынхаа чиглэл, шийдлүүдийг эрэн хайдаг боловч харамсалтай нь Бурхан энэ бүхнийг хангадаг гэдэгт тэд суралцаагүй байдаг. Өнөөдөр би энэ талаар бичиж байгаа нь Бурхан таны мэдээллийн эх сурвалж байхыг хүсдэг гэдгийг танд мэдүүлэхийн тулд билээ. Тэр Өөрийн Үг, Сүнсээр дамжуулан таны амьдралд зориулсан өдөр тутмын чинь зааврыг өгөхийг хүсдэг.
Би нэг удаа зурхайтай гүн гүнзгий холбогдсон нэгэн эмэгтэйтэй хамт ажилладаг байсан юм. Тэр эмэгтэй ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө тэнгэрийн одтой заавал зөвлөлддөг байв. Тэр ч байтугай аль өдөр үсээ засуулах ёстой гэдэг дээр ч гэсэн одны зураасыг шалгадаг байв. Тэнгэрийн оддыг бүтээсэн тэр Нэгэн Бурхантай бид зөвлөлдөх боломжтой байхад, яагаад одны зөвлөгөөг авах хэрэгтэй гэж?
Хэрэв та Бурханаас гадуурх ямар нэгэн эх сурвалжаас амьдралынхаа удирдамж, чиглэлийг эрэлхийлэх явдалд оролцож байсан бол гэмшээд Түүн рүү эргэ. Яг одооноос эхэлж Ариун Сүнс таны цорын ганц удирдамж байхыг Түүнээс гуй.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Мэдээлэл, удирдамжаа зөвхөн Бурханаас эрэлхийл.