Өө Эзэн, Таны гэсгээдэг, бас хуулиасаа заадаг хүн ерөөлтэй еэ (баяр жаргалтай, атаархмаар хувьтай!) Ингэснээр гэм буруутанд [бултах аргагүй] нүх ухах хүртэл Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө. — Дуулал 94:12–13
Амьдрал эсвэл хүмүүс урам хугалах үед бид бат зогсож, амьдралд маань зориулсан Бурханы зорилгыг алдалгүй үргэлжлүүлэх хариуцлага бидэнд байдаг.
Дуулал 94:12–13-ыг сана. Бурхан бидний тайван байдлыг хадгалдаг гэж хэлээгүйг анхаар. Энд тайван байдлаа хадгалах хүчийг Тэр бидэнд өгдөг гэсэн байна. Бид бол Бурханы түнш буюу хамтран ажиллагчид юм. Түүний ажил бол бидэнд чадвар өгөх, харин биднийх бол хариуцлагатай байж, энэхүү чадварыг ажил хэрэг болгох юм.
Хариуцлага гэдэг нь «өөртөө байгаа чадварын дагуу үйлдэх» гэсэн утгатай. Хариуцлагагүй хүн Бурханаар хамаг юмаа хийлгэж, өөрийнхөө мэдрэмжийг дагахаас өөр юу ч хийхгүй байхыг хүсдэг. Гэхдээ та өөрийн мэдрэмжээр бүхнийг хийлгэж болохгүй шүү. Яг одоо чанга дуугаар «Би сүүлчийн өрөвдөлтэй цэнгүүндээ оролцлоо» гэж тунхагла. Хариуцлагаас зугтахын оронд хариуцлага үүрэх нь өөрийнхөө талаарх таны мэдрэмж хамаагүй таатай сайхан байх болно гэдгийг би танд амлаж чадна.
Бурхан танд санаа тавьдаг хэдий ч таны ажлыг хийхгүй. Тэр танд үүнийг гүйцэтгэх чадварыг өгч, нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөс биш таны урдуур орж, гүйцэтгэх ёстой хэсгийг чинь хийхгүй гэдгийг онцолмоор байна. Би таныг бат зогсож, хариуцлагаа үүрч, Түүний төлөвлөсөн ерөөлтэй амьдралаар амьдрахын тулд Бурхантай хамтран ажиллаж эхлэхийг уриалж байна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таны үгэнд тайван байдлаа хадгалах чадварыг Та надад өгдөг гэсэн байна. Өнөөдөр би энэ үгийг хүлээж авлаа. Би өөрийнхөө мэдрэмжээр амьдралаа захируулалгүй таны хүссэнээр би хариуцлагатай байж, Таны арга замаар өөрийгөө хянах болно.