
Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай. — Ефес 3:19
Дэйв бид хоёр анх гэрлээд ширүүхэн хэдэн жилийг өнгөрөөсний ихэнх нь миний хуучин амьдралаас үүдэлтэй байв. Би ааваасаа болж бэлгийн, сэтгэл санааны, үг ярианы хүчирхийлэлд өртсөн бөгөөд энэ бүхнээс эдгэрэхэд Бурхан надад хэрэгтэй байв. Өшөөгөө авахын оронд уучлахыг сонгох, нулимастай хүнд хэцүү үеэр Бурхан намайг авч, бусдын амьдралд эдгэрлийг авчирахын тулд миний гэрчлэлийг ашигласан.
Бурхан таныг өнгөрсөн үеийн шархнаас эдгээхдээ зөвхөн танд төдийгүй, таныг бусдын эдгэрлийн үүд хаалга болоосой гэж хүсдэг.
Эцэст нь надад маш хэцүү байсан ч Бурхан Дэйв бид хоёроор аав ээж хоёрыг минь Сант Луис руу нүүлгүүлж, тэдэнд бүр байшин худалдаж авч өгөхөд хүргэсэн. Харин энэ бүхний төгсгөлд миний аав хийсэн бүхнийхээ төлөө надаас уучлалт гуйж, тэр ч байтугай Есүс Христийг өөрийн амьдралд хүлээж авсан юм.
Уучлалын хүчээр дамжуулан Бурхан намайг эдгээж, миний энэхүү шинэчлэлээр аавыг маань эдгээхийн төлөө ашиглахыг би Түүнд зөвшөөрсөн учраас миний сэтгэл санаа эрүүл болж, амьдралын цоо шинэ түвшинд хүрсэн.
Бид бүгд янз бүрийн байдлаар сэтгэлдээ шархтай болдог. Ганцаардал, урам хугарах явдал, айдас, эргэлзээ биднийг гүн гүнзгий шархлуулж чаддаг. Бурханы хайрыг хүлээн авч, бүхнийг орвонгоор нь эргүүлэхийг Түүнд зөвшөөрөхөөс нааш бид өнгөрсөн үеийн шарх гомдлоос гарч чадахгүй.
Та өөрийн өвдөлт шаналлыг даван гарч, бусдыг хайрлан уучилж сурахаас өмнө Бурханы хайрыг өөртөө хүлээж авах хэрэгтэй.
Өнгөрсөн амьдралын шархаа авч хаяхдаа Бурхан танд ямар их хайртайг санаарай. Библи хэлэхдээ хэзээ ч бүрэн ойлгож ухаарахын аргагүй агуу тэр хайрыг зүрх сэтгэлдээ хүлээн авсан цагт л бид бүрэн бүтэн болно гэсэн. Түүний хайрыг хүлээж авахад таны зүрх сэтгэлд эдгэрэл явагдаж, амьдралыг тань бялхаах болно.
Залбирлын эхлэл
Эзэн, хуучин шарх, сэтгэлийн шаналлаа давж гарахад Та л надад тусалж чадна. Бусдад туслахын тулд Та миний эдгэрлийг ашиглаж чадна гэдэгт би итэж байна. Христийн хайрыг мэдүүлж, Өөрийн амь амьдралын хүч ба дүүрэн байдлаар намайг бялхуулаач.