Би үүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганцыг ч олсонгүй. – Езекиел 22:30
Цоорхой гэдэг нь хоёр зүйлийн хоорондох зайг хэлдэг. Энэ нь хоёр зүйл, хоёр талбай, хоёр бие махбод, хоёр хүнийг бие биетэй нь холбоотой байлгасаар байдаг. Би гадны улс орнуудад номлох үед үзэгчид болон миний хооронд зай завсар байдаг. Хэрэв би тайзан дээр зогсож байгаа бол тэнд бодит цоорхой, соёлын цоорхой байж болно. Гэвч хэл ярианы цоорхой нь миний санааг хамгийн их зовоодог. Хэрэв хүмүүс намайг ойлгоосой гэж би хүсдэг бол, тэдэнд өөрийнхөө номлолыг үр дүнтэй хүргэхийн тулд хэл ярианы цоорхой дээр зогсдог орчуулагч надад хэрэгтэй болдог. Тухайн орчуулагч миний төлөө ажиллах хэрэгтэй бөгөөд тэгснээр тэрхүү цоорхойг бөглөж, хүмүүс миний юу ярьж байгааг ойлгох болно.
Езекиел 22:29-31-т цоорхойд зогсох талаар өгүүлдэг. Өнөөдрийн эшлэл нь эдгээр эшлэлүүдийн дотор багтдаг бөгөөд энэ нь Библид байдаг хамгийн гунигтай эшлэлийн нэг юм. Үүнд Бурхан ерөнхийдөө “Тухайн нутгийн төлөө залбирах хэн нэгэн Надад хэрэгтэй байсан ба Би хэнийг ч олж чадсангүй тул тэрхүү газар нутгийг устгах хэрэгтэй болсон юм” гэж хэлсэн байдаг. Түүнд хэрэгтэй байсан зүйл бол залбирах ганц хүн бөгөөд тэгсэн бол тэр нутаг устгагдахгүй байх байж. Зуучлан залбирах нь хичнээн чухлыг та харж байна уу? Зөвхөн ганцхан хүн л бүхэл бүтэн улс оронд маш том өөрчлөлтийг авчирч, залбирлаараа дамжуулан тухайн газар нутгийг аварч чадах байж! Бид залбирахад бэлэн байх хэрэгтэй. Ариун Сүнс биднийг зуучлан залбиралд хөтлөх цаг мөчүүдэд бид мэдрэмжтэй хандаж, Түүнийг дуулгавартай дагах хэрэгтэй. Бидний залбирал магадгүй цоорхойг бөглөх хэрэгтэй байсан цорын ганц залбирал нь байж, үр дүнд нь үнэхээр хэцүү нөхцөл байдалд Бурханы хүч чадлыг холбож өгөхийг бид хэзээ ч таашгүй билээ.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Та бусдын төлөө залбирах боломжтой гэдгээ Бурханд хэлж, Тэр таны зүрх сэтгэлд байрлуулсан хүмүүсийн төлөө залбир.