Харин юуны [бүх зүйлийн] өмнө ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын «за нь за» [энгийн] «үгүй нь үгүй» байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм. — Иаков 5:12
Шийдэмгий бус байх нь хөөрхийлөлтэй байдал бөгөөд энгийн амьдралын үр жимс биш гэдэг нь тодорхой. Элч Иаков «хоёр санаатай хүн бүх үйлдээ тогтворгүй байдаг» гэж хэлсэн.
Ямар ч үр дүнд хүргэхгүй буруу шийдвэр гаргахаасаа айснаас болж шийдэмгий бус байдалд ордог. Бид оюун санаагаа цэгцэлж чадахгүй явсаар хичнээн их цаг гарзаддагийг та мэдэх үү?
Бид зүгээр л шийдвэр гаргаж, үүнийхээ төлөө зогсох хэрэгтэй байтал урдаа байгаа олон сонголтоос болж дуншдаг. Энэ бол маш энгийн жишээ байж болох хэдий ч та нэг сайн бодоод үзээрэй. Та өглөө хувцасны шүүгээнийхээ өмнө зогсоод бүх хувцсаа харж гайхширахын оронд зүгээр л нэгийг нь сонгоод өмс. Өөрийгөө ажлаасаа хоцроход хүргэтэл нэг аваад, нэг болиод байхаа боль!
Олон дахин өөрөөсөө асууж эргэлзэлгүй, гаргаж буй шийдвэртээ санаа зовохгүй байхыг уриалж байна. Хоёр санаатай эсвэл ямар ч тодорхой санаагүй байхаа боль. Учир нь нэгэнт гаргасан шийдвэртээ эргэлзэх нь таны баяр хөөрийг чинь хулгайлах болно. Байж болох хамгийн сайн шийдвэрээ гаргаад үр дүнг нь Бурханд даатган, найд.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, шийдэмгий бус байдал намайг ямар ч сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг мэдүүлж өгсөнд баярлалаа. Миний «за» нь «за» байж, «үгүй» нь «үгүй» байхад туслаач. Би байж болох хамгийн сайн шийдвэрээ гаргаж, үр дүнгийнх нь төлөө Танд ердөө итгэх нь хамгийн зөв гэдгийг мэдлээ.q