
Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн (өө сэвгүй, гуйвшгүй) мөс чанартай байхыг үргэлж хичээдэг [биеэ тарчлаадаг, махан биеийн дуртай зүйлс, хоолны дуршил ба ертөнцийн хүслээ мохоож, бүхий л талаар чармайдаг] билээ. — Үйлс 24:16
Гэм буруу их байх тусам амьдралын баяр хөөрийг амсах ямар ч боломжгүй учраас мөс чанараа цэврээр нь хадгалах нэн чухал.
Үйлс номонд Бурханы өмнө буруутгалгүй, гэм зэмгүй явахын тулд Паул биеэ сахилгажуулж, ертөнцийн хүсэл тачаалаас зайлсхийдэг байсан гэсэн. Энэ зүйл бидэнд бас хамаатай. Цэвэр мөс чанартаа итгэлтэй байх нь биднийг эрх чөлөөтэй ба баяр хөөртэй байлгадаг.
Энэ нь зөв ба буруу нь ойлгомжтой, тодорхой асуудлын хувьд амархан юм шиг санагдавч, амьдралын «сааралтсан» талбарын хувьд ямар вэ? Яг аль нь зөв эсвэл буруу сонголт болохыг мэдэхгүй, итгэлгүй байгаа үед мөс чанараа хэрхэн цэвэр байлгах вэ? Сайн ухаарч ойлголгүй гэм үйлдвэл яах вэ? Бурханы хэрсүү ухаан буюу ялгах чадвар энэ бүх асуудлыг шийдвэрлэдэг гэдгийг би олж мэдсэн юм.
Ялгах чадвар бол сүнслэг ойлголт бөгөөд цэвэр мөс чанараар амьдрахын түлхүүр нь юм. Үүний тулд дадлагажих хэрэгтэй хэдий ч энгийнээр бол зүрхэндээ илүү анхаарал тавих хэрэгтэй. Хожим буруутгал авчирах, буруу зүйл хийх болохгүйг Бурхан танд тухайн үед нь мэдүүлэх болно.
Таныг мөс чанараа цэвэр хэвээр нь хадгалах замаар амьдрахыг уриалмаар байна. Хийх ёсгүй гэж бодож буй зүйлсээ бүү хий. Яахаа мэдэхгүй, итгэлгүй байх үедээ Бурханы ялгах чадварт найд. Тэр хэзээ ч таныг буруу замаар явуулахгүй.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таны ялгах чадварын төлөө талархъя. Таны өмнө мөс чанараа аливаа гэмээс чөлөөтэй, цэврээр нь хадгалж амьдрахын тулд миний зүрхэнд ярьдаг Таны намуухан, дөлгөөн дуу хоолойд анхаарал тавьж байхад минь туслаач.