Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ. — Иохан 14:17
Амьдралын талбар бүрт хамааралтай тодорхой хэдэн сургамж Библид байдаг. Тэдний нэг нь өөрийгөө захирах байдал юм. Бидний амьдралд ямар асуудал тулгарахаас үл шалтгаалан өөрийгөө захирах байдал нь асуудалтай талбар бүрт хамаарна. Хэрэв бид өөрсдийгөө сахилгажуулахгүй бол сэтгэл хөдлөл маань биднийг захирч, амьдрал маань хөөрхийлөлтэй болно.
Өөрийгөө захирахад суралцана гэдэг нь биеэ барьж, хүлээцтэй амьдрахыг хэлнэ. Энэ нь амьдралын асуудал бүрт нухацтай хандаж, шийдвэр гаргахыг шаарддаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд сахилга бат нэн чухал. Бидний асуудлын дийлэнх хувь нь сахилга батгүй, дэггүй байсны шууд үр дагавар байдаг. Санхүүгийн өр шир гэхэд бидний байгаа зүйлээ үрэх зуршлаа хянаж чаддаггүйгээс бий болдог. Идэх зуршлаа хянаж чадаагүйгээс болж эрүүл мэндийн асуудал үүсдэг.
Яахаа мэдэхгүй, шийдвэрлэх боломжгүй мэт санагдах нөхцөлд орсон үед асар их сахилга бат ба өөрийгөө захирах байдал шаардлагатай болно. Ашгүй Бурхан бидний дотор оршиж, туслахын тулд Ариун Сүнсээ өгсөн.
Хэрэв та дахин төрсөн бол Христийн Сүнс таны дотор оршин байгаа. Энэ Сүнс өөрийгөө захирах байдлын үр жимсийг ургуулахдаа төгс төгөлдөр бөгөөд та өөрөө үүнийг хөгжүүлж чадаагүй ч таны дотор байгаа гэдгийг санаарай. Танд шаардлагатай бүхэн бий гэсэн үг. Ариун Сүнстэй харилцаж, өөрийгөө захирах зан чанарыг хөгжүүлэх шийдвэр гаргаарай.
Залбирлын эхлэл
Бурхан минь, надад сахилга бат ба өөрийгөө захирах зан байдлын үр жимсийг өгсөнд баярлалаа. Миний дотор байгаа Таны Сүнсний хүч чадлаар би Таны хий гэснийг хийж, өөрийнхөө мэдрэмжид захирагдахгүй.