Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана гэв. — Матай 12:37
Би хэзээ ч зөв юм хийдэггүй, Би хэзээ ч өөрчлөгдөхгүй, Би царай муутай, Би аймшигтай муухай харагддаг, Би тэнэг мулгуу, Намайг ер нь хэн хайрлаж чадах юм бэ? гэж өөрийнхөө тухай энэ мэт сөрөг зүйлсийг хэзээ ч битгий бод, битгий ярьж бай. Матай 12:37-д үгсээрээ та зөвтгөгдөнө, мөн үгсээрээ яллагдана гэж хэлсэн.
Сургаалт үгсийн 23:7-д тэр дотроо боддогтойгоо адил гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл: бидний өөрсдийнхөө тухай бодож ярьдаг зүйлс өөрсдийгөө хэн гэж ойлгож үнэлдгийг илэрхийлдэг бөгөөд энэ нь бидний амьдралд шууд нөлөөлдөг.
Таны тухай Бурханы үг юу гэж хэлсэн дээр үндэслэсэн сайн зүйлсийг (хувийн тунхаг болгож) та өөрийнхөө тухай ярьдаг байх хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө Христ дотор хэн болсон тухай үнэнд илүү итгэлтэй болох юм. Жишээ нь: «Христ дотор би Бурханы зөвт байдал болсон. Христээр дамжуулан би Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн. Бурхан намайг Өөрийнхөө мутраар бүтээж, хэлбэрт оруулсан бөгөөд Бурхан хэзээ ч алдаа зөрчил гаргадаггүй».
Библийн эерэг сайн тунхаглалыг зарлан хэлснээр би өдрийг эхлүүлэх дуртай. Та ч гэсэн ажил руугаа машинаар явж байхдаа юм уу эсвэл гэр орноо цэвэрлэж байхдаа үүнийг хийж болно. Мөн толинд өөрийгөө хараад чанга дуугаар өөртөө «Бурхан намайг хайрлаж, хүлээн авсан. Иймээс би ч гэсэн өөрийгөө хайрлаж хүлээн авна» гэж хэлээрэй. Та өөрийнхөө тухай бурханлаг, эерэг үнэнийг ярьж эхлэх үед таныг бүтээсэн Бурханы хүслийн дагуу өөрийнхөөрөө байхад амжилттай байх болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, өөрийнхөө тухай сөрөг зүйл яриж ханалаа. Таныг надад хайртай бөгөөд намайг хүлээн авсан гэх үнэнийг би тунхаглаж байна. Таны намайг ямар хүн байлгахаар бүтээсний дагуух хүн болохыг би хүсэж байна.