
Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. — 1 Петр 1:15
Бид хэрхэн амьдарч байгаадаа илүү болгоомжилж, сэрэмжтэй байх хэрэгтэй гэж би боддог. Бид айдаст автах хүртлээ болгоомжлох биш, харин бурханлаг арга замаар сэрэмжлэхийг хэлж байна.
Бид ямар анд нөхөдтэй, зурагтын ямар нэвтрүүлэг үздэг, ямар кино сонирхдог, ямар ном уншиж, ямар хөгжим сонсдог, хэрхэн мөнгөө зарцуулдаг, цагаа юунд зориулдаг зэрэг зүйлсдээ сэрэмжтэй хандахгүй бол хожим нь амьдралаа дэмий үрсэн байж болзошгүй.
Христэд итгэгчдийн хувьд бид ариун байдлыг мөшгөж, өөрсдийгөө ариусгагдсан хүмүүс гэдгээ ухаарах ёстой. Энэ нь өөрсдийгөө Бурханд ашиглагдахын тулд тусгаарлагдсан хүмүүс гэж ойлгохыг хэлнэ. Үнэндээ бид Христийг өөрийн Аврагч Эзэн хэмээн хүлээн авах агшинд Ариун Сүнсээр ариусгагддаг бөгөөд Бурханы өгсөн төлөвлөгөөний төлөө тусгаарлагддаг. Харин бид зорилгоо гүйцэлдүүлэхгүй, мөшгөхгүй байвал зүрх сэтгэлдээ хоосон бөгөөд сэтгэл гонсгор байдлыг мэдэрнэ.
Өнөөдөр таныг ариун байх зорилгоо мөшгөхийг уриалж байна. Хүч сорьсон шийдвэр гаргахдаа Бурханаас юу хийх ёстойгоо асуу. Тэгээд Бурханы танд бэлдсэн ариун байдлын замыг сонго.
Залбирлын эхлэл
Есүс ээ, намайг ариун амьдралаас холдуулах аливаа зүйлээс сэрэмжилж, болгоомжтой байхад минь туслаач. Би Таны удирдамжийн дагуу надад зориулсан ариун байдлын зам мөрийг дагаж, нягт нямбай амьдрахыг хүсэж байна.