Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал (үнэнч зүрх сэтгэл, Бурханы баруун гар талд зогсох) хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. – Иохан 16:8
Ариун Сүнс бидний нүглийг зэмлэн, зөвт байдал руу чиглүүлэхийн тулд бидэнтэй ярьдаг. Түүний зэмлэл нь биднийг гэмшилд хүргэхэд зориулагдсан. Энэ нь бид яг одоо явж байгаа буруу зүгээсээ эргэж, зөв зүг рүү явна гэсэн үг юм.
Зэмлэл гэдэг нь буруутгалаас маш их ялгаатай зүйл билээ. Энэ талаар суралцах гэж би нилээн их цаг хугацааг туулсан. Миний амьдралд байгаа ямар нэгэн зүйл Бурханы
хүсэлтэй нийцэхгүй байгаа талаар Ариун Сүнс намайг зэмлэх бүрт намайг буруушааж байна гэж би буруу боддог байв. Зэмлэл нь биднийг ямар нэгэн зүйлээс холдуулж, амьдралд маань зориулсан Бурханы хүсэл ба төлөвлөгөөнд ойртон очиход маань туслах зорилготой байдаг. Нөгөө талд, буруутгал гэдэг нь биднийг доош нь дарж, алдаа дутагдлын дарамтан доор бид нарыг амьдруулдаг.
Бид нүглийн зэмлэлийг хүртэхдээ, эхлээд эрүүл ичгүүр, гэм буруугаа мэдрэх нь хэвийн асуудал юм. Харин бид гэмээ гэмшсэнийхээ дараа үргэлжлүүлэн гэм буруутай мэт сэтгэгдэл төрөөд байх нь эрүүл бус бөгөөд Бурханы хүсэл биш. Завхайрч байхдаа үйлдэл дээрээ баригдсан нэгэн эмэгтэйн тухай (Иохан 8:3 -11 харах), Есүс буруутгал нь зөвхөн үхэл рүү хөтөлдөг, харин зэмлэл нь биднийг гэм нүглээс чөлөөлж, шинэ амьдрал
руу хөтөлдөг гэдгийг баталдаг.
Бурхан биднийг буруутгадаггүй тул бид ямар ч айдасгүйгээр: “Эзэн минь, миний нүглийг харуулаач. Бусдыг хайрлах Таны хуулийг зөрчиж байгаа, хүслийг тань гүйцэлдүүлэхээс сэргийлж байгаа ямар нэгэн зүйлийг би хийж байгаа бол намайг зэмлээч. Миний мөс чанарыг Таны дуу хоолойнд анхааруулаач. Нүглээс чөлөөтэй байх хүчийг надад өгөөч. Амэн” гэж залбирч болно. Ингэж амьдрах нь бидний амьдрал дахь Бурханы
дуу хоолойнд мэдрэмжтэй хандах мэдрэмжүүдийг маань нэмэгдүүлдэг.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Сатан буруутгадаг, Ариун Сүнс зэмлэдэг.