Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо [Түүнийг бүү гомдоо, зовоо, гуниглуул]. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан (Бурханы өөрийнх нь гэж тэмдэглэгдсэн, тодорхойлогдсон, хамгаалагдсан) юм шүү. – Ефес 4:30
Өнөөдрийн эшлэл болон түүний эргэн тойронд байгаа эшлэлүүдийн утга агуулга нь бид өөрсдөдөө байгаа харилцаанууддаа хэрхэн ханддаг нь Бурханд чухал байдгийг бидэнд заадаг. Тэдгээрт муухай ханддаг бол энэ нь Ариун Сүнсийг гомдоох нэг арга зам болдог.
Ойр дотно хүмүүстэйгээ буруу харьцах зуршил бидэнд байдаг бөгөөд ялангуяа бидний бие махбод нэг л сайнгүй байх үед, сайн нойргүй хоносон, бэрхшээлтэй өдрийг туулсан, муу мэдээг хүлээн авсан, урам маань хугарч шаналсан үед энэ нь илүү их тохиолддог. Харин бие биендээ сайнаар хандаж байхыг бид зөвхөн хүссэн л үедээ биш, цаг үргэлж хийж байхыг Бурхан биднээс хүсдэг юм.
Би яагаад бусад хүмүүст биш, харин өөрийн нөхөр эсвэл хүүхдүүддээ муухай ханддаг юм болоо гэж өөрөөсөө асуудаг байж билээ. Би эргэн тойрныхоо хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэн хүслээсээ болж, сэтгэлийнхээ сөрөг хөдөлгөөн, хандлагуудаа би хянаж чаддаг байсан гэдгийг Ариун Сүнс надад тэр даруйд ойлгуулж өгсөн юм. Харин би аль хэдийнээ харилцаа үүсгэчихсэн байгаа өөрийн гэр бүлтэйгээ байх үедээ, бүрэн эрх чөлөөг эдлэнгээ өөрийн зан авирын дутагдалтай талууд болон сүнсний төлөвшөөгүй байдлаа тэдэнд тодорхой харуулдаг байв. Би уурлаж уцаарладаг, бухимддаг байдлаа хэзээ ч больж чадахгүй, ер нь л энэ байдлаа хэзээ ч өөрчилж чадахгүй гэдэгтээ би өөрөө өөрийгөө бүрэн итгүүлсэн байсан юм. Би үнэхээр бухимдсан үедээ, дотроо дэлбэрсэн мэт санагддаг байв.
Санхүүгийн бэрхшээлүүд, ажил дээр тохиолдсон ямар нэгэн зүйл, гэрт болсон зарим нэг чухал ач холбогдолгүй зүйлүүд намайг бухимдуулах үед, би өөрийнхөө бухимдлыг гэрийнхэндээ гаргадаг байв. Ихэвчлэн уурласан байх үедээ тэд нарт муухай ханддаг байсан нь тохиолдсон тухайн зүйлээс биш, миний дотор шийдэгдээгүй байгаа зүйлээс шалтгаалдаг байв. Бурхан үнэнтэй нүүр тулахад минь надад тусалсан бөгөөд би түүнээс чөлөөлөгдсөндөө баяртай байдаг.
Харилцаанууд бол бидний оруулсан хамгийн агуу их хөрөнгө оруулалтуудын зарим нь бөгөөд Бурхан тэдгээрийг үнэлдэг байхыг биднээс хүсдэг. Хэрэв бид нээлттэй зүрх сэтгэлтэйгээр Түүн дээр очиж, Түүний бидэнд үзүүлэх ямар нэгэн үнэнтэй нүүр тулахад бэлэн байх юм бол, Ариун Сүнс бухимдлуудыг маань зүй зохистойгоор тайлахад бидэнд туслах болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Таны дотор байгаа бухимдлуудыг бусад хүмүүсээр бүү төлүүл.