Ачаагаа Эзэнд [хүндийг нь гаргаж өг] даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн [тогтмол] ганхахыг (унаж, хальтарч унах буюу нурахыг) Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй. — Дуулал 55:22
Бурхан тантай нэг солилцоо хийхийг хүсдгийг та мэдэх үү? Тэр таныг Өөрт нь бүх тулгамдсан асуудал, бүтэлгүйтэл, санаа зовнилоо өгөөсэй гэж хүсдэг. Оронд нь Тэр танд Өөрийн амар тайван ба баяр хөөрийг өгнө.
Бурхан үнэхээр бидэнд санаа тавьж, халамжлахыг хүсдэг. Харин Түүнд энэ боломжийг өгөхийн тулд бид өөрийнхөө төлөө санаа зовж, бидний хяналтаас гарсан шалихгүй зүйл бүрийн төлөө шаналахаа зогсоох хэрэгтэй. Бурхан эдгээрийн төлөө санаа тавиасай гэж олон хүн хүсдэг хэдий ч Бурханы чиглүүлгийг хүлээхийн оронд өөрсдөө асуудлын хариуг олох гэж оролдон, үүндээ шаналж зүтгэсээр байдаг.
Бурхан бидэнд амар тайван өгнө. Харин эхлээд бид Түүнд өөрийн санаа зовнилоо өгөх ёстой. Ямар гайхамшигтай солилцоо вэ! Биднийг Бурханд зовлон шаналлаа өргөхөд Тэр бидэнд Өөрийнхөө амар тайвныг өгнө. Бид Түүнд асуудал, түгшүүр айдсаа өгөхөд Тэр бидэнд Өөрийнхөө хамгаалалт, баяр хөөр, тогтвортой байдлыг өгдөг. Түүгээр хайрлуулж халамжлуулах нь гайхмаар ерөөл хийгээд онцгой эрх билээ.
Залбирлын эхлэл
Эзэн, Та надад гайхалтай солилцоог санал болгожээ. Та надаас хавьгүй их чадвартай учраас би бүхий л санаа зовнилоо Танд өргөж, Таны надад санал болгосон бүхий л амар тайван ба баяр хөөрийг хүлээн авч байна!