Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв. – Матай 14:23
Чимээ шуугиангүй газар ганцаараа Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх нь миний хувьд амин чухал бөгөөд энэ ч бас таны хувьд чухал гэдэгт би итгэж байна. Тухайн өдрийг эхлүүлэхээс өмнө өглөө бүр Бурхантай уулздаг тусдаа өрөө манай гэрт байдаг юм. Үүн дээр нэмж хэлэхэд, би жилд дөрвөн удаа цөөхөн хоногоор ганцаараа байх дуртай. Чимээ аниргүй газар Бурханд анхаарлаа төвлөрүүлэх хэд хоног надад хэрэгтэй бөгөөд би үүнд баярладаг.
Ихэнх хүмүүс жил бүр амралтаа авч, долоо хоног бүр ямар нэгэн төрлийн зугаа цэнгэлийг төлөвлөдөг. Бид хөгжилдөн цэнгэх, амрахыг хүсдэг бөгөөд үүнд буруу юм гэж огт үгүй билээ. Бид тэнцвэртэй, эрүүл амьдрал, сэтгэлийн хөдөлгөөнөө хадгалахын тулд энэ нь бидэнд хэрэгтэй байдаг. Гэвч үнэндээ бидэнд сүнсний амралт илүү их хэрэгтэй байдаг бөгөөд бид үүнийг өөрсдийнхөө бүтэн жилийн хуваарьт эсвэл долоо хоног бүрийн хуваариудад хамгийн түрүүнд оруулах хэрэгтэй юм.
Хэрэв та ямар нэгэн зүйлээс урьдчилж Бурхантай өнгөрүүлэх цагаа төлөвлөвөл, энэ нь Бурханд хэр их хүндэтгэлийг өгөхийг зүгээр л төсөөлөөд үз. Би Америкт болон бусад орнуудад уулзалтуудаа зохион байгуулдаг бөгөөд нилээд олон тооны хүмүүс тэдгээр уулзалтуудын нэгэнд нь оролцохын тулд амралтаа зохицуулж, аялж байгаагийн хараад надад үргэлж бахархах сэтгэл төрдөг. Би тэднийг үргэлж магтан сайшааж,тэдний гаргасан сонголтуудад Бурхан ч гэсэн бахархаж байгааг би мэддэг. Тэд нар сүнсээр өсөх болно, яагаад гэвэл Бурхантай цаг өнгөрөөхийн тулд тэд ямар нэгэн золиос гаргаж байдаг.
Ямар нэгэн хэцүү зүйл эсвэл гамшиг зовлон таныг нөхцөл байдлынхаа хариултыг нь олохын тулд Бурхантай цагийг өнгөрүүлэхийг шаардах хүртэл нь бүү хүлээ. Бүхний түрүүнд болон өдөр бүр Бурханыг эрэлхийл, тэгвэл та аль хэдийнээ сүнсээр хүчтэй байж, танд тохиолдох ямар нэгэн зүйлд хэрхэн хандахаа та мэддэг байх болно. Хэрэв Есүст Бурхан Аавтайгаа ганцаараа байх цаг хэрэгтэй байсан бол, энэ нь бидэнд зайлшгүй хэрэгтэй билээ.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Яг одоо цагийн хуваариа гаргаж, Бурхантай хамт өнгөрүүлэх онцгой цагуудыг хуваарил.