
Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? — 1 Коринт 3:16
Би Бурхантай гялс нэг уулзчихаад явах эсвэл амьдралдаа томоохон асуудалд орсон хойноо л Түүнтэй цагийг өнгөрөөдөг дадалтай байв. Эцэст нь хэцүү бэрх нэг даваанаас дараагийнх руу шилжсэн амьдралаа зогсоохын тулд өдөр бүр Бурханыг цөхрөнгөө барсан хүн шиг эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг сурсан юм.
Биднийг Бурхан дээр ирэхэд Тэр бидэнд үргэлж туслах нь үнэн. Харин бид байнга ялалттай байхыг хүсвэл Бурханыг «зөвхөн онцгой байдалд хэрэглэдэг» хайрцагнаасаа гаргаж, Түүнийг өдөр бүрийн амьдралдаа орж ирэхийг урих хэрэгтэй.
Бурхан биднийг Өөртэй нь хувийн харилцаатай болоосой гэж хүсдэг. Тэр энэ хүслээ бидний дотор оршдог гэдгээр нотолж байна.
Есүс загалмай дээр цовдлогдохдоо бидэнд зориулж Төгс хүчирхэг Бурхантай хувийн харилцаатай болох замыг нээж өгсөн. Хэрэв Бурхан «түргэн тусламж»-ийн харилцааг хүсэж байсан бол Тэр бидэн дээр зүгээр нэг тохиолдлоор ирж болох байв. Тэгвэл яасан ч бидний дотор байнга оршин суухаар ирэхгүй байсан байх.
Ямар их сэтгэл хөдөлгөсөн бодол вэ! Бурхан таны ойр дотны анд найз байхыг хүсдэг! Тэгвэл та өнөөдөр Түүнийг «түргэн тусламж»-ийн хайрцагнаасаа гаргах уу?
Залбирлын эхлэл
Эзэн, христэд итгэлт амьдрал «зөвхөн онцгой байдал»-д дагаж дэмждэг итгэл үнэмшлээс илүү агуу гэдгийг би мэднэ. Та миний дотор оршдог учир би Таныг өөрийн дотны найз шигээ мэдэхийг хүсэж байна. Асуудалд орохлоороо Таныг дууддаг нэгэн байхаас илүү Таныг өдөр бүр хайж эрэлхийлмээр байна.