Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм. — 2 Коринт 5:21
Өөрөөсөө асуух хэрэгтэй хоёр чухал асуулт байна.
Би өөрийгөө Христ дотор хэн гэдгээ мэдэх үү?
Би зөвийн замаар алхаж байна уу?
Энэ хоёр асуултад зүй ёсоор хариулж чаддаггүй хүмүүс хэтэрхий их бөгөөд энэ нь Бурхан тэдэнд төлөвлөсөн амар тайван ба эрх чөлөөн дотор амьдрахгүй байхад хүргэдэг.
Бид Есүс Христийг өөрсдийн Аврагчаар хүлээж авах тэр мөчид Бурхан бидний гэм нүглийг авч, Өөрийн зөвт байдлыг бидэнд өгдөг гэж Библи хэлдэг. Энэ бол бэлэг бөгөөд үүнийг авахын тулд бид ажиллах шаардлагаүй. Харин ч бид энэ зөвт байдлыг өөртөө өмсөх хэрэгтэй. Тэгэх бүрт бид амар тайвныг хүлээн авдаг.
Христ дотор өөрийгөө хэн гэдгийг мэдэх үед танд амар амгалан бий болох бөгөөд Бурхан таныг хийх хэрэгтэй юмаа хийхэд хэрэгцээтэй бүхнээр хангана гэсэн итгэл төрдөг. Тэр танд хайртай бөгөөд таны төлөө амиа зориулсан гэдгийг мэдэх үед та өдөр бүр босож, Бурханыг хайрлахын тулд чадах бүхнээ хийх болно.
Мөн Христ дотор хэн болохоо мэдэхийн цагт Түүний таны төлөө худалдаж авсан зөвт байдлыг өөртөө өмсөж, зөвийн замаар амьдарч чадна. Таныг гэсэн Түүний хайрыг амсаж мэдрэх үед хариуд нь та өөрийн эрхгүй байгаа бүхнээ Түүнд зориулж амьдрах болно.
Залбирлын эхлэл
Эзэн, би Таны дотор хэн гэдгээ байнга ухамсарлаж байхыг хүсэж байна. Өдөр бүр Таны зөвт байдлыг өөртөө өмсөж байхын тулд миний төлөө Таны хийсэн бүхнийг санаж байхад минь туслаач.