Бурханы мөн чанарыг таньж мэд

Бурханы мөн чанарыг таньж мэд

ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ! Дотор нь хоргоддог нэгэн юутай ерөөлтэй вэ! Түүний ариун хүмүүс ээ, та нар Эзэнээс эмээгтүн! Учир нь Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. — Дуулал 34:8

Бид Бурханы мөн чанарыг мэдэх нь чухал. Яагаад тэр вэ? Энэ нь бидэнд ялгах чадварыг өгнө. Бид Бурханы мөн чанарыг мэдэхгүй бол хэн нь Бурханых, хэн нь биш гэдгийг яаж мэдэх юм бэ? Түүний хэн болох, бас юу үйлддэгийг бидэнд таниулах мөн чанарын гурван онцлог шинжийг энд нэрлэе.

  1. Шударга байдал: Тэр бол зөв шударгын Бурхан. «Шударга байдал» бол айдас төрүүлмээр агуу юм. Учир нь Тэр аливаа гаж буруу зүйлийг зөв болгодог. Энэ нь хүмүүс надад зүй бус хандах үед намайг санаа зовохгүй байхад тусалдаг. Яагаад гэвэл Бурхан зөв шударга байдлыг тогтооно гэдгийг би мэддэг.
  2. Сайхан сэтгэл: Бурхан бол сайн. Энэ бол хэзээ ч өөрчлөгдөшгүй зүйл. Тэр зөвхөн түр хугацаанд эсвэл таны хүсэл биелэх үед сайн байдаг бус, харин бүхий л цаг үед энэрэнгүй сайн хэвээр байдаг. Дуулал 34:8-д Эзэн сайн гэдгийг амсаж үз гэсэн. Бүх зүйл муугаар эргэхэд би Бурханы энэрэнгүй сайн чанараас агуу урам зоригийг олж авдаг.
  3. Ариун байдал: Бурхан бол зөв шударга, ариун бөгөөд биднийг цэвэр ариун, толбогүй, өө сэвгүй, цэвэрхэн буюу гэм нүглийн бузраас чөлөөтэй байхыг хүсдэг. Үнэнийг хэлэхэд энэ нь намайг Бурхантай хамт алхаж, Түүний үйлдсэн бүхэн надад таалагддаг эсэхээс үл хамааран зөв байдгийг ухаарахад тусалсан юм. Энэ мөн чанар нь намайг түүнтэй таарч нийцэхэд минь тусалдаг.

Зөвхөн энэ гурван шинж Бурханы мөн чанарыг хангалттай тодорхойлохгүй ч миний хувьд хамгийн чухал хүчирхэг шинж юм.

Эдгээр мөн чанарыг болон таны хувьд чухал байж болох Бурханы мөн чанарыг таньж мэдэх цаг гаргахыг уриалж байна. Түүний тухай судалж, мөн чанарыг өөрийнхөө зан чанар болгоход чинь Ариун Сүнс танд туслах болно. Өдөр бүр амьдралдаа энэ шинж чанаруудыг хэрэгжүүлж эхлээрэй. Тэгээд Бурхан юу хийхийг хараарай. Түүний хэр сайн болохыг «амталж үз»!

Залбирлын эхлэл

Бурхан минь, Та ямар гайхамшигтай юм бэ! Таны зөв шударга, энэрэнгүй сайхан сэтгэл, ариун байдал болон бусад тоолж баршгүй мөн чанарууд Таныг ямар агуу болохыг надад санууллаа. Тантай улам адил болохын тулд Та Өөрийнхөө мөн чанарыг надад үргэлжлүүлэн таниулаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon