Бурхан тайтгарал ба тайвширлыг өгүүлдэг

Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн (өрөвдөх, өршөөх) Эцэг бөгөөд бүх тайвширлын (тайтгарал ба урамшуулалт) Бурхан (Эх Сурвалж болох Нэгэн) мөн. – 2 Коринт 1:3

Хүнийхээ хувьд бид бүгд л гологдохыг бус, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байдаг. Би ганцаардал, тусгаарлагдсан мэт санагдах мэдрэмж, гологдох мэдрэмжээс үүсэлтэй сэтгэлийн зовиуруудийг үзэн яддаг боловч энэ талаар ямар нэгэн зүйл хийж болохыг огт мэдэлгүйгээр энэ бүхнийг маш олон жилийн турш үзэж туулсан билээ. Энэ бүхэн өөрчлөгдсөнд нь Бурханд Талархъя!

Хэдэн жилийн өмнө тохиолдсон нэг зүйл гологдлоос үүссэн хуучны шархыг минь сэдрээж билээ. Хүүхэд насанд минь намайг маш ихээр өвтгөсөн хүнтэй би уулзсан юм. Тэрээр уучлалт гуйхынхаа оронд миний буруу биш байсан зүйлд намайг буруутгахаар барахгүй надтай холбоотой байх ямар ч сонирхолгүй байгаагаа надад бүрэн ойлгуулсан юм.

Би нуугдаж өөрийгөө өрөвдөхийг хүсэж байсан хэдий ч шууд л Ариун Сүнсний
тайвширлыг Бурханаас гуйсан юм. Би Түүнээс миний сэтгэлийн шархыг эдгээхийг, энэ нөхцөл байдалд яг л Есүс шиг хандаж чадах чадварын төлөө гуйсан юм. Тэгээд үргэлжлүүлэн Бурханд түшиглэн байх үед нэгэн дулаан зүйл намайг бүрхэж, миний шархан дээр тайвшруулах тос асгарч байгаа мэт мэдрэмжийг би авсан.

Намайг өвтгөсөн тэр хүнийг уучлахыг Бурханаас гуйсан бөгөөд Тэр миний бодол санаанд “Өвтгөгдсөн хүмүүс бусдыг өвтгөдөг” гэдэг үгийг сануулсан юм. Түүний дотно, хувьчилсан хариу нь миний шархалсан сүнсийг эдгээсэн.

Бурхан бол бүх тайвшрал, тайтгарал, урамшуулалтын эх сурвалж юм. Түүнтэй ойр дотно харилцааг бий болгож, хөгжүүлэхийн тулд өөрийнхөө чадах бүхнийг хийгээрэй. Яагаад гэвэл тийм л нөхцөл дотор та Түүнийг дуу хоолойг сонсож, тайвшрал ба эдгэрлийг хүлээн авч, Түүний урамшуулал, хайр халамжаар дамжуулан хүчирхэгжих боломжтой болдог юм.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ: 

Тайвшруулагдах гэдэг нь хэр их чухал болохыг Бурхан мэддэг учраас Ариун Сүнсийг тан руу илгээсэн юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon