Есүс, Мартад «“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу?» гэлээ. — Иохан 11:40
Лазар ах нь нас бараад дөрөв хонож байхад Есүс Мариа, Марта хоёр дээр ирдэг түүхийг санаж байна уу? Эцэстээ Түүнийг ирэхэд Марта «Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан» гэж хэлдэг (Иохан 11:21).
Марта цөхрөнгөө барсан байсан нь тодорхой. Дараа нь Есүс түүнд «Чиний ах амилна» гэж хэлэхэд Марта Түүнд «Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ» гэж хариулдаг (иш. 23–24). Есүс чухам юуг хэлээд байгааг тэр ойлгосон гэж би бодохгүй байна. Тэр эмэгтэй одоогийн бодит боломжийг биш, алс ирээдүйд болох боломжийг харж байв. Тэр үнэндээ юмс өөрчлөгдөхийг найдаж, хүлээгээгүй.
Олон хүн Марта шиг өөрийн асуудал, бэрхшээл дотроо гацаж, Бурхан бүхнийг орвонгоор нь эргүүлж чадна гэдгийг ухаардаггүй. Харин Есүс Лазарыг үхлээс амилуулсан бөгөөд Тэр таны амьдралын «Лазаруудыг» ч босгож чадна. Та харилцаагаа сэргээх, санхүү, эрүүл мэндийн тал дээр огцом эргэлт гаргах эсвэл Түүний хүслийг амьдралдаа биелүүлэхэд саад болдог бэрхшээлийг авч хаях гэх мэт юу ч байж болно. Танд ямар ч асуудал гарсан Бурханд бүх зүйл боломжтой! (Maрк 10:27).
Найдвараа бүү алд. Магадгүй та яг одоо зовлон шаналал дунд байж болох юм. Гэхдээ ямар ч гай зовлон, гамшиг байсан Бурхан шинэ эхлэлийг авчирч чадна. Бурханд итгэж, Тэр таны амьдралд Өөрийн алдраа илэрхийлэхийг хараарай.
Залбирлын эхлэл
Эзэн минь, миний амьдралд тулгарсан ямар ч нөхцөл байдлыг Та Өөрийн алдрын төлөө өөрчилж чадна гэдгийг би мэдэж авлаа. Би асуудалдаа баригдаж, зовохын оронд Таныг миний амьдралын «Лазаруудыг» босгоно гэдэгт итгэж, найдах болно.