Гэвч эдүгээ Эзэн, Та Эцэг маань, бид шавар, Та бидний урлаачин, бид бүгд Таны мутрын бүтээл. — Исаиа 64:8
Бурхан биднийг төгс байхыг шаарддаггүй. Тэр Өөрөө биднийг бүтээсэн бөгөөд биднийг хүн гэдгийг буюу алдаа дутагдал гаргахыг мэднэ. Бидний ажил үүрэг бол өдөр бүр босоод Түүний бидэнд өгсөн билэг авьяасаар Түүнд хамгийн сайнаараа үйлчлэх юм. Тэгээд алдаа хийсэн үедээ бид Бурханаар зөвтгөгдөж, Түүний уучлал, өршөөлийг хүлээн авч, урагшилсаар байх ёстой.
Олон хүн өөрийгөө төгс биш учраас Бурхан тэднийг ашиглах боломжгүй гэж боддог. Харин энэ бол худал. Бурхан (Ваарчин) цуурч эмтэрсэн ваар савыг (энэ бол бид) өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ашигладаг. Христэд итгэгчдийн хувьд бид Бурхан Өөрийнхөө сайн сайхан ба гэрлээр дүүргэхийг хүсдэг сав суулга нь болдог. Ингэсний дараа бид Түүний өгөөмөр сайхан сэтгэл ба гэрлийг харанхуй ертөнцөд түгээж, очсон газар бүртээ Түүний сайн сайхныг хүмүүстэй хуваалцах учиртай.
Өөрийнхөө сул тал, алдаа дутагдлаас бүү ай. Эдгээрийг хүлээн зөвшөөрч, Бурхан таныг ашиглахыг зөвшөөр. Танд дутагдаж байгаа чанар чансааны талаар санаа зовохоо больж, өөрийгөө яг байгаагаар нь Бурханд өргө. Цорын ганц Төгс Түүн дээр төвлөрч, таны дотор ба танаар дамжуулан Тэр юу хийж болоход анхаарлаа хандуул.
Эвдэрч, цуурсан сав байлаа ч та гайхамшигтай зүйлсийг гүйцэлдүүлж чадна. Та хэн нэгнийг баяр жаргалтай болгож чадна. Таны эргэн тойронд байгаа хүмүүст та урам зориг өгч, тэднийг босгон байгуулж, ятгаж сургах боломжтой. Бурханд үйлчлэхийн тулд та билэг авьяас, чадвараа хэрэглэж чадна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би «цуурч гэмтсэн» ваар байж болох ч Та бол Ваарчин бөгөөд миний алдаа дутагдлаас хамааралгүйгээр Өөрийнхөө зорилгын төлөө намайг ашиглаж чадна. Намайг хүлээж буй ертөнцөд очиж, түгээхийн тулд Өөрийнхөө сайн сайхан хийгээд гэрлээр намайг дүүргээч.