
Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л (ерөнхийд нь дүгнэхэд) хууль ба эш үзүүлэгчид буй. — Матай 7:12
Бидний амьдралд цутгахыг хүссэн олон ивээл ерөөл Бурханд бий. Харин бид өөртөө хэрхэн хандаасай гэж хүссэнчлэн бусдад ханддаггүй учраас Бурханы олон ивээл ерөөлийг огт мэдэхгүй өнгөрдөг. Бид бусдаар ерөөгдөх дуртай хэдий ч өөрсдөө эхлээд хувиа бодолгүй тэднийг ерөөх санаачлага гаргадаг бил үү?
Таны гэрлэлт, гэр бүл, анд найзууд таны хүссэнээс өөр төлөв байдалтай байгаа бол та яг одоо энэ зарчмыг авч хэрэгжүүлбэл, тэднийг шууд орвонгоор нь эргүүлж чадна. Би хэтрүүлж яриагүй шүү.
Та ханийгаа таны төлөө ямар нэг юм хийхийг хүлээсээр байж магадгүй. Эсвэл таны найз эхлээд танд туслахыг хүлээж, түүнд эхлээд туслахаас зөрүүдлэн татгалзаж байж болох юм. Амиа бодож, энэ маягаар амьдрах нь таны хувьд тав тухтай байж болох ч та нөхцөл байдлаа идэвхтэй өөрчлөх шийдвэр гаргахгүй л бол энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрийгөө даруусгаж, олон харилцааг аврах цаг нь болжээ.
Өөр дээрээ төвлөрч, хэзээ над дээр ивээл ерөөл асгарах бол гэж хүлээхийн оронд өөрийнхөө амьдралд байгаа хүмүүст идэвхтэй үйлчилж, золиос гаргахыг сонго. Үйлчлэх зүрх сэтгэлтэй болж, бусдыг ивээж ерөөхөд анхаар.
Үл ойшоогдсон, орхигдсон мэт мэдрэмждээ баригдаж суухын оронд танд хүмүүсийг хэрхэн хандахыг хүсдэг шигээ өөрөө эхлээд хүмүүст тийнхүү хандаж эхэлбэл таны олон харилцаа ямар гайхамшигтай сайжрахыг хараад та мэл гайхах болно шүү.
Залбирлын эхлэл
Бурхан минь, хувиа хичээсэн амьдралыг хүссэнээр би юу ч хожихгүй гэдгийг ойлголоо. Хүмүүсийг надад сайн хандахыг хүлээж суухын оронд би өөрөө эхлээд тэдэнд сайн хандаж, надад хэрхэн хандаасай гэж боддог шигээ тэдэнд хандаж харьцах болно.