Та нарыг хараагсдыг ерөө (таалал), та нарыг [та нарыг доромжилдог, буруутгадаг, гутаадаг, зоргоороо урвуулан ашигладаг хүмүүс] доромжлогсдын төлөө залбир. — Лук 6:28
Хэн нэгэн таны сэтгэл зүрхийг шархлуулах үед та ямар хариу үзүүлдэг вэ? Та үүнд нь баяр хөөрөө дээрэмдүүлэхийг зөвшөөрдөг үү? Эсвэл таны сэтгэл хөдлөл огцом ширүүсдэг үү?
Лук 6:28 хүмүүс биднийг доромжилж, сэтгэлийг шархлуулах үед бид яах учиртайг бидэнд хэлдэг. Бид тэдний төлөө залбирч ерөөх ёстой.
Таныг хараадаг хүмүүсийн баяр жаргалын төлөө залбирах нь байж болох хариу үйлдэл биш ч гэсэн Бурханы мэргэн ухаан биднийхээс илүү өндөр учраас бидэнд «зөв» мэт санагдахгүй байсан ч ингэж үйлдэх нь зөв юм. Иймд би үүнийг дуулгавартай үйлдэхийг хүсэж, «Эзэн минь, би үнэндээ намайг хохироосон хүмүүсийг ерөөж залбирмааргүй байгаа хэдий ч Танд итгэх итгэлээр залбирахыг хүсэж байна. Учир нь тэднийг Таны оршихуйгаар ерөө гэж Та Өөрөө хэлсэн билээ» гэж хэлнэ.
Тэдний төлөө забирах нь Бурханы биднээс хүсдэг хамгийн хэцүү зүйлсийн нэг. Ялангуяа, бидэнд шударга бусаар хандаж, гомдоосон бөгөөд уучлагдах зохисгүй гэж боддог хүний төлөө залбирна гэдэг бүр ч хэцүү.
Гэсэн ч Бурхан уучлалыг дадал болгохыг бидэнд зааж сургадаг. Тэгээд бид уучлал өршөөлийн замыг дагах сонголт хийвэл Бурханы үгэнд дуулгавартай байхад ирдэг амар тайван, баяр хөөрийг авна. Таныг Бурханд дуулгавартай байх үед доромжлол гутаалтын өвдөлтийг даван гарч, амьдралыг илүү их таашаан баяртай байхад чинь Тэр танд тусална.
Залбирлын эхлэл
Бурхан минь, хичнээн хэцүү байсан ч намайг гомдоож, хохироосон хүмүүсийн төлөө би залбирч, тэднийг ерөөж ивээхийг Танаас гуйх болно. Шаналал, гомдлоос чөлөөлөгдөж, тэднийг уучлахад минь туслаач.