Бусдын төлөө залбир

Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргө гэж юуны өмнө чамайг ятгая. – 1 Тимот 2:1

Бид залбирах үедээ Бурхантай ярьж, Түүнийг бидэнтэй ярихыг нь сонсдог. Залбирлын нэг төрөл бол зуучлан залбирал бөгөөд энэ нь өөрөөсөө гадна, өөр хэн нэгний төлөө залбирахыг хэлдэг. Хэн нэгний төлөө Бурханд хандаж, залбиралдаа тэдний хэрэгцээг Түүнд өргөж, нөхцөл байдлынх нь талаар Түүнээс ямар нэгэн зүйл сонсохыг хэлдэг. Зуучлан залбирал бол хамгийн чухал залбирлуудын нэг юм. Яагаад гэвэл олон хүмүүс өөрсдийнхөө төлөө залбирдаггүй, яаж залбирах ёстойгоо ч мэддэггүй юм. Яагаад? Яагаад гэвэл тэдэнд Бурхантай харилцах харилцаа байдаггүй. Нөхцөл байдал үнэхээр хэцүү, сэтгэлийн хямрал нь дэндүү гүнзгий, зовлон бэрхшээл нь хэтэрхий их, аливаа зүйлүүд үнэхээр ойлгомжгүй үед хүмүүс өөрсдийнхөө нөхцөл байдлынхаа талаар хэрхэн залбирахаа мэддэггүй цаг мөчүүд ч бас байдаг. Хүмүүс өөрсдийнхөө төлөө залбираад, залбираад л, залбирсаар байгаад ерөнхийдөө залбирах хүчгүй болсон байх үеүд ч бас бий.

Жишээ нь: нэг удаа би эмнэлэгт хорт хавдраасаа болж шаналж байсан нэг найз дээрээ очсон юм. Тэр эмэгтэй хорт хавдартайгаа зоригтойгоор тэмцэж, эрэлхэг дайчин мэт залбирдаг байсан ч тэрээр хүсэж байгаа шигээ хангалттай залбирч чадах хүчгүй болох мөчтэй тулгарах үедээ “Жойс, Би цаашдаа үнэхээр залбирч чадахгүй нь ээ” гэж хэлсэн юм. Тэр эмэгтэйн найзууд түүний төлөө залбирах нь түүнд хэрэгтэй байсан юм. Зүгээр л түүний төлөө залбирах биш, түүний төлөө чин сэтгэлээсээ түүний оронд залбирах хэрэгтэй байсан. Яагаад гэвэл тэр эмэгтэй залбирч чадахаа больсон байсан.

Таны амьдралд, эргэн тойронд байдаг хүмүүст залбирал хэрэгтэй. Та тэдний төлөө Бурхантай ярих, Түүнийг сонсох хэрэгтэй байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэдгээр хүмүүс хэн бэ гэдгийг танд харуулж өгөхийг Түүнээс гуйж, тэдний төлөө итгэмжтэйгээр залбираарай.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурханы таныг чиглүүлсэн хүмүүсийн төлөө итгэмжтэйгээр залбир.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon