Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж Эзэн тунхаглаж байна. — Иеремиа 29:11
Өөрийгөө өрөвдөх явдал бол сөрөг бөгөөд хөнөөлтэй сэтгэл хөдлөл юм. Энэ нь бидний өмнө байгаа боломж болон ивээл ерөөлийг харах нүдийг маань сохолж, өнөөдөр ба ирээдүйн найдварыг хулгайлдаг. Өөрийгөө өрөвддөг хүмүүс ихэнхдээ «Би яагаад шинэ юм оролдох хэрэгэй гэж, бас л бүтэлгүйтнэ» гэж боддог.
Үнэн хэрэгтээ, өөрийгөө өрөвдөх байдал бол шүтээн шүтэхтэй адил. Яагаад гэвэл энэ тохиолдолд өөр дээрээ төвлөрөх явдал туйлдаа хүрдэг. Бид өөрийгөө өрөвдсөнөөр үндсэндээ Бурханы хайраас татгалзаж, бүх зүйлийг өөрчлөх Түүний чадварыг үгүйсгэж байгаа хэрэг.
Өөрийгөө хэт өрөвдөхөд автаж, дахин ганц өдрийг ч болтугай дэмий алдахгүй байхыг уриалмаар байна. Та найдвараа алдаж, өөртөө харамсаж эхэлбэл ингэхээ шууд зогсоо. Тэгээд «Би өөрийгөө өрөвдхөөс татгалзаж байна. Би яг одоо амьдралын хүнд хэцүү үеийг туулж байж болох ч илүү сайн зүйлд найдахаа болихгүй»! гэж хэлээрэй.
Бурхан таны ирээдүйн төлөө найдвар өгөхийн тулд таны сайн сайхны төлөө бодож, төлөвлөсөн байгаа. Хэрэв та анхаарлаа Есүс дээр төвлөрүүлэн, Түүнд итгэснээр найдвараа алдахгүй зуурсаар байвал таны амьдралд гайхалтай зүйлс биелэх болно!
Залбирлын эхлэл
Бурхан минь, би өөрийгөө өрөвдөхөөс татгалзаж байна. Нөхцөл байдал хүндрэхэд Таныг миний асуудлуудаас илүү агуу гэдгийг санаж, Танд надад зориулсан сайн төлөвлөгөө байгааг би мартахгүй. Таны төлөвлөгөөнүүд миний амьдралд бодит болохыг хүсэн, бүх итгэл найдвараа Танд өгч байна.