Яагаад гэвэл бидний Бурхан [бол үнэхээр] шатаах гал мөн. – Еврей 12:29
Бидний амьдралд байдаг Түүнд алдрыг авчирдаггүй бүх зүйлийг Бурхан шатаахыг хүсэж байдаг. Тэр Ариун Сүнсээ итгэгч бидний дотор амьдруулж, бидэнтэй ойр дотно нөхөрлүүлж, бидний буруу бодол, үг, үйлдэл бүрийг бидэнд ухааруулахын тулд илгээсэн билээ. Бид бүгд л “цэвэршүүлэгчийн гал”-ыг туулан гарах ёстой байдаг (Малахи 3:2 харах).
Цэвэршүүлэгчийн галыг туулан гарна гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь Бурхан бидэнтэй ажиллах болно гэсэн үг юм. Тэрээр бидний хандлага, хүсэл, арга зам, бодол, харилцан яриаг маань өөрчлөхийн тулд ажиллах болно. Тэр зүрх сэтгэлд маань байдаг Түүнд таалагддаггүй зүйлүүдийн талаар бидэнтэй ярьж, тэдгээр зүйлийг Түүний тусламжтайгаар өөрчлөхийг хүсэх болно. Галаас зугтаахын оронд тэрхүү гал дундуур гардаг бидэн шиг хүмүүс л Бурханд агуу их алдрыг авчрах болно.
Галын дундуур гарах нь айдас хүрмээр зүйл. Энэ нь өвдөлтийг тэр ч байтугай үхлийг бидэнд сануулдаг. Ром 8:17-д Паул хэрэв бид Христийн хамтран өв залгамжлагчид мөн юм бол Түүний зовлонг бас үүрэлцэх ёстой гэж хэлсэн байдаг. Есүс яаж зовсон бэ? Бид бас загалмайд цовдлогдох хэрэгтэй гэж үү? Үүний хариу нь бол тийм ба үгүй. Бид өөрсдийн гэм нүглийн төлөө биеэрээ загалмайд хадаасаар цовдлогдох шаардлагагүй. Гэвч Марк 8:34-т бид өөрсдийнхөө загалмайгаа үүрч, Түүнийг дагах хэрэгтэй гэж Есүс хэлсэн. Хувиа хичээсэн байдал, өөртөө төвлөрсөн амьдралын хэв маягаа хажуу тийш нь тавих талаар Тэр үргэлжлүүлэн ярьсан байдаг. Библид бид өөрсдийгөө үхүүлэх хэрэгтэй гэдэг. Хувиа хичээсэн явдлаа орхиход зарим нэг гал шаардагдах болно гэдэгт минь итгээрэй, ихэнхдээ нилээн их гал. Хэрэв галын дундуур гарахад бэлэн байгаа бол Бурханд алдрыг авчрахын баяр хөөрийг бид дараа нь мэдэх болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхан танд үнэхээр хайртай бөгөөд Тэр дахин ирэх хүртлээ таны дотор ажлаа хийсээр л байх болно.