Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг. — Сургаалт үгс 16:9
Хүмүүс надаас ихэвчлэн өөрийнх нь амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөг яаж мэдэж авах вэ гэж асуудаг. Зарим нь ер бусын чиглүүлэг авах юмуу онцгой дуу хоолой сонсохын тулд олон жил зарцуулдаг. Гэвч Бурханы дуу хоолойг зүрх сэтгэлдээ сонсоно гэдэг нь ихэвчлэн бодит амьдралтай илүү холбоотой байдаг. Би тэдэнд гарч яваад, олж мэд гэж хэлдэг.
Бурхантай хамт амьдралын аялалд гарсан эхний жилүүдэд би Түүнд үйлчлэхийг хүссэн. Тэр миний амьдралд дуудлага өгсөн гэдгийг би мэдэрч байсан хэрнээ яг юу хийхээ мэддэггүй байв. Иймээс надад олдсон янз бүрийн боломжийг би туршиж үзсэн.
Надад тохирохгүй зүйл олон байсан ч гэсэн өөртөө тохирох нэг талбарыг олох хүртлээ би өөр олон зүйлийг оролдож үзсээр байлаа. Бурханы үгийг хүмүүстэй хуваалцах боломж олдох үед би эцэст нь сэтгэл зүрхэндээ сэргэж эхэлсэн. Үгийг заах нь намайг баяртай болгож, Бурхан надад яг үүнийг хийх чадвар өгсөн нь тодорхой болов. Ингээд би өөрийнхөө үйлчлэх газрыг олж мэдсэн юм.
Заримдаа Бурханы хүслийг олж мэдэх ганц зам нь оролдож үзэх байдаг. Би үүнийг «гарч яваад олж мэдэх» гэж нэрлэдэг юм. Хэрэв та энэ асуудлын талаар залбираад чухам юу хийх ёстойгоо олж мэдэхгүй байвал итгэлийн алхам хийгээрэй. Алдаа хийхээс бүү ай. Гараад яв, Бурхан таныг удирдах болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Танд итгэж байна. Та миний алхааг удирдан чиглүүлнэ гэдгийг би мэдлээ. Иймээс би гарч явж, Таны надад зориулсан төлөвлөгөөг олж мэдэхээс айхгүй.