Гачигдлын айдсыг ялан дийлэх нь

Гачигдлын айдсыг ялан дийлэх нь

Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана (ханатал нь дүүргэнэ). — Филиппой 4:19

Хүмүүст учирдаг хамгийн аймшигтай айдсын нэг бол гачигдаж, дутагдах айдас байдаг. Танд хэрэгцээтэй зүйлс байхгүй болж, та ямар ч нөөцгүй хоцрон, Бурхан яг хэрэгтэй үед нь таны төлөө ирэхгүй байх вий гэсэн айдас юм.

Та магадгүй яг одоо урьд өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй хомсдлын байдалд буюу санхүүгийн хувьд эсвэл өдөр тутмын үндсэн хэрэгцээний цөхрөнгөө барсан гачигдалд орсон байж болох юм. Магадгүй та сэтгэл санаа эсвэл сүнслэгийн хувьд гачигдалтай тулгарсан байж болно. Бурхан таны хэрэгцээг хангаж чадахгүй бөгөөд та хэзээ ч дээрдэхгүй гэж танд шивнэн, айдсын сүнс тан руу довтолж байж магадгүй.

Дайсан бол худалч бөгөөд Бурхан таны байдалд санаа тавьдаг гэдгийг өнөөдөр мэдэх хэрэгтэй. Түүнд төлөвлөгөө бий. Тэрээр яг зөв цагт таны хэрэгцээг хангахын тулд таны өмнөөс ажиллаж байна. Танд бүр ямар ч найдвар байхгүй, хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байгаа мэт санагдсан ч Бурхан бидний санаанд багтамгүй аргаар хэрхэн хангахаа үргэлж мэддэг.

Таны хэрэгцээ санхүүгийн, сэтгэл санааны, сүнсний, бие махбодын гээд ямар байхаас үл хамааран гачигдлаас айх хэрэггүй. Бурхан таныг хангаж, таныг тайвшруулж, тэжээж, таныг хүч чадлын байранд буцаан авчрах болно. Түүний хангамжид бүрэн итгэ.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны үгэнд Та миний бүх хэрэгцээг хангана гэж хэлдэг. Тийм учраас би гачигдлын айдаст автахгүй. Таныг надад хайртай гэдэгт би итгэдэг бөгөөд Та ямар ч нөхцөлд ирж, намайг хангана гэдэгт би эргэлзэхгүй байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon