
Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа [Бурханы хаанчлал дахь ерөөгдсөн амьдралаа] алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл [ерөөгдсөн] амийнхаа [Бурханы хаанчлал дахь] оронд тэр юугаа өгөх билээ? — Матай 16:26
Сатан биднийг доогуур жишгээр амьдруулахыг оролддог бол Бурхан биднийг улам дээш гарч дэвжихийг ятгадаг. Бид санаа амарч, яг одоо байгаа маань зүгээр, хангалттай сайн эсвэл амьдрал маань үүнээс илүү дээрдэнэ гэж үгүй хэмээн бодох нь бидний гаргаж болох хамгийн муу алдааны нэг болдог. Өөртөө доогуур шаардлага тавьж, сэтгэдэг оюун санаа биднийг хойш чангаадаг. Учир нь бид Түүнийг хийж чадна гэсэн итгэлийн хэмжээний дагуу Бурхан биднээр дамжуулан үйлдэх боломжтой.
Сүнслэгийн хувьд «зүгээр, боломжийн» гэсэн байр суурьтай болохоос болгоомжил. Би дундаж Бурханд үйлчилдэггүй учраас өөрөө дундаж хүн байхыг хүсэхгүй байна. Бидний Бурхан бол төгс, онц сайн Бурхан бөгөөд би Түүний үлгэр жишээг дагахыг хүснэ. Мөн би дээрх эшлэлд дуртай. Ертөнцийн санал болгосон бүхнийг бид олж авсан ч Түүний бидэнд зориулсан ерөөлт амьдралыг алдаж төгсөх боломжтой.
Доогуур жишгийн дагуу амьдрах нь өндөр үнэ төлөөсийг шаардддаг. Энэ газар дэлхий дээр Христ дотор л амьдрах боломжтой амар амгалан, баяр хөөрийн, зөвт, хосгүй сайхан амьдралыг алдахтай дүйцэх гарз хохирол гэж байхгүй. Та Бурханы хүслийг эсэргүүцэн, өөрийн арга замаар амьдралаа авч яваа бол та доогуур амьдралыг сонгож яваа хэрэг.
Бурхан таныг ерөөгдсөн нэгэн байгаасай гэж хүсдэг хэдий ч таныг энэ ивээл ерөөлийг өөрөө олж, өөрийгөө хангахыг оролдоосой гэж хүсдэггүй. Таныг өөр зүйлсийг эрэлхийлэх эсвэл өөр зүйлийг Түүнээс дээгүүр тавихыг Тэр хүсдэггүй. Хэрэв бид эхлээд Бурхан ба Түүний хаанчлалыг хайвал Тэр бидэнд хадгалсан бүх ивээл ерөөлөө агуулахаасаа гаргана гэдгийг санагтун. Үүнийг л өндөр жишгийн амьдрал гэнэ!
Залбирлын эхлэл
Эзэн минь ээ, би доод амьдралын намагт живэхийг хүсэхгүй байна. Таны хаанчлалын дээгүүр түвшинд амьдрахын тулд өнөөдөр Танд төвлөрч амьдрахад минь туслаач.