Нөгөө нэгэнд нь [гайхамшгийг бүтээгч] итгэлийг мөнөөх [Ариун] Сүнсээр, – 1 Коринт 12:9
Бурхан энэхүү бэлгийг зарим нэг хувь хүмүүст сайн мэдээний аюултай аялал, хэцүү нөхцөл байдлууд гэх мэт онцгой тохиолдлуудад зориулж өгдөг гэдэгт би итгэдэг. Хүмүүс энэ бэлгийг хэрэглэж байх үед, тэд бусад хүмүүст огт боломжгүй мэт харагддаг зарим нэг зүйлийн талаар огтхон ч санаа зовохгүйгээр Бурханд итгэж чаддаг. Бусдын сүрддэг, тэр ч бүү хэл айдаг ямар нэгэн зүйлд итгэх бүрэн итгэл тэдэнд байдаг.
Итгэлийн бэлгийг хэрэглэж буй хүн ийм бэлэг байхгүй бусад хүмүүсийг итгэлгүй хүмүүс хэмээн бодохоос болгоомжлох ёстой. Учир нь итгэлийн бэлэг нь хувь хүнд ажиллах үед, Бурхан Өөрийнхөө зорилгыг гүйцэтгэхийн тулд тухайн хүнд итгэлийн асар их хувийг өгдөг билээ. Тэр хүн Бурханаар дамжуулан бусдад урам зориг, тайвшралыг авчрахад ашиглагдаж болох боловч тэрээр тэрхүү бэлгийг Бурхан түүнд өгсөнд нь талархаж, даруу төлөв байх ёстой. Ром 12:3 “Надад соёрхогдсон нигүүлслээр (Бурханы агуу их тааллаар) би та нарын хүн нэг бүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод” гэж хэлдэг.
Бид тулгарах ёстой зүйлтэйгээ тулгарах хэрэгтэй үед Бурхан үргэлж бидэнд итгэлийг өгдөг. Гэхдээ итгэлийн бэлэг нь тухайн хүнийг ер бусын зоригтой болгож өгдөг. Энэхүү бэлгийг хүлээн авсан хэн нэгэн өөрийнх нь зоригтой байдал нь Бурханаас ирсэн бэлэг бөгөөд үүний төлөө Түүнд үргэлж талархлыг өргөж бай.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бэрхшээлтэй зүйлүүдийг хийхийн тулд танд өгсөн Бурханы итгэлийн төлөө талархдаг бай.