Ичгүүрийн оронд та нарт хоёр дахин их байна. Доромжлолын оронд тэд хувь ногдолдоо баярлана. Тиймээс тэд газартаа хоёр дахин ихийг эзэмшин мөнхийн баяр баясгалан тэднийх болно. — Исаиа 61:7
Адам, Ева хоёрын амьдрал гэм үйлдэхээс нь өмнө ямар байсан бол гэж та төсөөлөн бодож байсан уу?
Еден цэцэрлэгт Адам, Ева хоёр нүцгэн байсан бөгөөд тэд нүцгэн байдлаасаа ичдэггүй байсан талаар Эхлэл 2:25-д өгүүлдэг. Тэдний хувцасгүй байсныг тэмдэглэхээс гадна энд тэднийг бас нэг нэгэндээ нээлттэй, үнэнч байсныг дам хэлж байна гэж би боддог. Ямар ч баг зүүж, дүр эсгэдэггүй байсан. Тэд ичгүүр гэж юу болохыг мэддэггүй байсан учраас өөрийнхөөрөө байх эрх чөлөөтэй байсан. Харин тэд гэм үйлдсэнийхээ дараа өөрсдийгөө нуудаг (Эхлэл 3:6–8).
Хэрэв Есүсийн загалмай дээр хийсэн ажил байгаагүй бол бид бүгдээрээ гэм нүглийнхээ ичгүүрт автаж амьдрах байсан нь гарцаагүй. Харин Түүний гаргасан золиосын улмаас хүн төрөлхтөн нэг нэгэнтэйгээ болон Бурхантай төгс эрх чөлөөтэй байх баяр хөөрийг эдлэх боломжтой болсон.
Бурханы үг биднийг ичгүүрээс чөлөөтэй амьдарч болохыг бүр амлаж, баталж байхад харамсалтай нь олон хүмүүс ичгүүрийнхээ ачааг үүрсээр амьдарч байна (Исаиа 61:7).
Бурхан таныг ичгүүрээс чөлөөлж чадна. Таны дотор оршин тогтнохыг хичээж байгаа ичгүүрээс салгаж өгөхийн төлөө Бурханаас гуйгаарай.
Залбирлын эхлэл
Эзэн, намайг ичгүүрээс чөлөөлөхийн тулд загалмай дээр цовдлогдож, төлөөсийг нь төлсөнд баярлалаа. Би энэ эрх чөлөөг хүлээн авч байна. Дахин бусдаас нуугдаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж мэдрэхээс татгалзаж байна. Та миний гэмийг арчсан учир одоо би Таны өмнө нээлтэй бас эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байна.