Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн. — Колоссай 3:23
Бурхан таныг агуу чадамжтай бүтээсэн. Гэхдээ үүнийгээ зөвхөн мэдэх нь хангалттай бус чадамжаа хөгжүүлэх ёстой.
Өөрийн чадамж, хүчин чадлаа хөгжүүлж, ахиулахын тулд юу ч хийдэггүй учраас олон хүн баяр хөөргүй явдаг гэж би боддог. Та чадамжаа бүрэн дүүрэн хөгжүүлмээр байвал бүх юм төгс болохыг бүү хүлээ. Яг одооноос байгаа газраа боломжтой зүйлээ хийж эхэл.
Та ямар нэг зүйл хийснээр чадамжаа хэлбэржүүлэх ёстой. Хэрэв зүрхэнд чинь шинэ боломжийг туршиж үзэх хүсэл эрмэлзэл байгаа бол та алхам хийж, Бурхан танд энэ тал дээр билэг авьяас өгсөн эсэхийг олж мэд. Та юу ч хийж, оролдож, үзэхгүй байвал ямар авьяас чадвартайгаа хэзээ ч нээж, таньж мэдэхгүй.
Чадамжаа хөгжүүлэхийн тулд итгэлийн алхам хийхдээ айдсыг эсэргүүцэхийг уриалмаар байна. Бурханы төгс хайр айдсыг хөөн зайлуулдаг. Иймээс бид бүтэлгүйтэх, алдчих вий гэсэн айдсанд хүлэгдэж амьдрах хэрэггүй. Өөрийн тав тухтай бүсэд үлдэх нь аюлгүй мэт санагдавч та чадамжаа бүрэн хөгжүүлэхгүй болон хийж байгаа зүйлээ бүрэн биелүүлэхгүй бол хэзээ ч амжилт гаргахгүй. Бурхан танаар хийлгэхийн тулд удирдан жолооодож байна гэж бодож буй талбартаа зоригтой алхам хийх, тодорхой шийдвэр гаргаарай.
Та бол Бурханы өгсөн чадамжаар баян хүн бөгөөд Тэр таны амьдралаар дамжууланр төсөөлснөөс чинь хавьгүй ихийг хийхийг хүсдэг. Харин энд таны хамтын ажиллагаа шаардлагатай. Өнөөдөр та шийдэмгий алхам хийж, Түүнд бүрэн зүрхээрээ үйлчлээрэй.
Залбирлын эхлэл
Эзэн, хийж байгаа бүх ажлаараа Танд бүрэн зүрх сэтгэлээр үйлчлэхийг хүсэж байна. Таны надад өгсөн аугаа чадамжийг хөгжүүлэн шинэ алхам хийж, үйлдэж эхлэх урам зориг өгдөгт баярлалаа.