Оноо цуглуулахаа боль

Оноо цуглуулахаа боль

Хайр (бидний дотор буй Бурханы хайр) зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй [өөрт нь шударга бус хандаж, зовоосонд анхаарлаа хандуулдаггүй]. 1 Коринт 13:5

Бид бүгд л сэтгэлийн шарх авч үзсэн бөгөөд тэр үед нь хурдан уучилж сурах нь маш чухал. Ингэвэл бид сүнсээрээ хүчирхэг ба эрүүл байж чадна. Жишээ нь: хэн нэгэн таныг гомдооход амьдралынхаа дараагийн арван жилийн турш энэ гомдлоос зуурч, өөрийгөө бүү шархлуул. Нөгөө хүн таны тухай аль хэдийн бодохоо больсон байх талтай. Харин та энэ хэрэг явдал дотроо хэдэн жилийн турш амьдарсаар. Энэ бүхэн зөвхөн ганц хүнийг л хохироож байна. Энэ бол та.

Бид бусдыг уучлахгүй амьдрах үед өөрийгөө нөгөө хүнээсээ дээр гэж үзсэнээр өөртөө «оноо цуглуулж» байдаг.

Бидний гэрлэлтийн эхний үеийг эргээд харвал, Дэйв бид хоёр нэг нэгэндээ уурлах уурандаа шатаж, бөөн хэрүүл маргаан болох үед би түүний бараг мартсан хэрэг явдлыг өнгөрсөн үеэс ухаж, сөхөж гаргадаг байв. Тэгэхэд Дэйв «Чи хаана энэ бүх юмыг хадгалдаг юм бэ»? гэж гайхдаг байж билээ. Тийм ээ, надад энэ бүгдийг багтааж, хадгалах газар байсан бөгөөд энэ нь миний дотроос намайг мэрж иддэг байв. Тэгээд Дэйвийн хийсэн буруу үйлдэл бүхэн энэхүү жагсаалтад нэмэгдэж, миний зүрх сэтгэлд гомдол хорслын аварга биетийг бий болгодог байв.

Би шинээр амьдрах арга замд суралцсандаа Бурханд талархаж байна! Бурханы хайр дотор амьдрах үед бидэнд зүй бус хандсан хүмүүсийн «хэрэг зөрчлийн данс» хаагдаж, бид чөлөөлөгддөг. Хэрвээ та өнөөдөр үл уучлалын өвдөлтөөс болж зовж, шаналж байгаа бол оноо цуглуулахаа болиход чинь туслахыг Бурханаас гуйгаарай. Өнөөдөр та хорсол гомдлоо явуулж чадна.

Залбирлын эхлэл

Бурхан минь, би цаашид данс хөтөлж, оноо цуглуулахаа больж, зүрхэндээ үл уучлалтай амьдрахыг хүсэхгүй байна. Би үүнийг Танд гарган өгч, «Муутай тооцоо хийдэггүй» Таны хайраар амьдрахад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon