Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. — Филиппой 4:8
Өглөө сэрэнгүүтээ сөрөг, дарамттай юм бодож эхэлдэг зуршлаасаа болж олон ч жилийг би сэтгэл дундуур өнгөрөөсөн. Ариун Сүнс миний дотор байдаг Христийн оюун санаагаар хэрхэн ажиллаж амьдрахыг сурахад минь тусалсан тул би одоо өөрийгөө бүрэн хангалуун хүн гэж хэлж чадна.
Надтай адил та ч гэсэн буруу муу бодол санааг тэжээсээр олон жилийг өнгөрөөсөн байж магадгүй. Танд хэлэх сайн мэдээ надад байна. Бурханы туслалцаатайгаар энэ байдал өнөөдөр ч өөрчлөгдөх боломжтой.
Хэрэв та сөрөг санаа бодолтойгоо тэмцэлдэж байгаа бол нэг чухал зүйлийг сайтар санах хэрэгтэй. Энэ бол таны бодол санаа өөрчлөгдөхөөс нааш таны амьдрал хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн үнэнийг ухаарах явдал юм. Шинэчлэгдсэн, бурханлаг оюун ухаан өөрчлөлтөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Библи бидэнд ямар зүйлийн талаар бодож эргэцүүлж байх тухай олон зүйлийг хэлсэн. Филиппой 4:8-д биднийг устгаж нураах зүйлийн талаар биш, харин босгон байгуулдаг зүйлсийн тухай бодож бай гэж хэлдэг.
Өнөөдөр би таныг урамшуулмаар байна. Өглөө сэрээд шууд сөрөг юм бодохын оронд сэрэнгүүтээ Бичээсээс эерэг үнэнийг сонгож аваад өдөр бүр сэрэх болгондоо үүн дээр төвлөрч бай. Бурханы үг таны дотор өсөж, таны оюун санааг хувьсан өөрчлөх болтугай. Бодол санаагаа сайн зүйл дээр төвлөрүүлж, шинэчилсэн оюун ухаанаар ирдэг бурханлаг өөрчлөлтийг таашаан соёрхогтун.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Христийн оюун ухаанаар амьдарч, өөрчлөгдөхөд бэлэн байна. Зөвхөн юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай буюу Таны дотор байгаа зүйл бүрийн талаар л бодоход минь туслаач.