Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган нүглийг чинь дурсахгүй. — Исаиа 43:25
Өөртэйгөө харилцаа тогтоох явдал танд тохиолдож байсан уу? Та энэ талаар нэг их бодож байгаагүй байх. Гэвч та өөр хэнтэй ч өнгөрөөдөггүй, тэр их цагийг өөртэйгөө өнгөрөөдөг. Хэзээ ч зугтах боломжгүй цорын ганц хувь хүн бол та өөрөө учраас өөртэйгөө сайн таарч нийцэх нь нэн чухал.
Бид өөрсдийгөө хайрлаж байх учиртай. Ингэхдээ өөрийгөө өөгшүүлэх амьдралын хэв маягт хүргэдэг өөртөө төвлөрсөн, хувиа бодсон байдлаар бус харин Бурханы бүтээл гол нь сайн хийгээд зөв гэдгийг батлах тэнцвэртэй, бурханлаг замаар өөрийгөө хайрлана гэсэн үг. Хэн ч төгс биш бөгөөд бидэнд тохиолдсон золгүй явдлаас болоод бидэнд олон сул тал байж болно. Гэсэн ч энэ нь бид хэнд ч хэрэггүй, ямар ч үнэ цэнэгүй амьтад гэсэн үг биш.
«Бурхан надад хайртайг би мэднэ. Тиймээс Бурханы хайрлахаар сонгосон зүйлийг би хайрлаж болно. Би өөрийнхөө хийдэг юм бүхэнд дуртай биш ч гэсэн Бурхан намайг хүлээн зөвшөөрдөг учир би өөрийгөө хүлээн авч байна» гэж хэлдэг хайраар өөрийгөө хайрлаж байх ёстой. «Бурхан намайг өдөр өдрөөр өөрчилж байгаад би итгэж байна. Гэхдээ энэхүү өөрчлөлтийн явцад Бурханы хүлээн авсан зүйлийг би эсэргүүцэж татгалзахгүй. Би үргэлж иймээрээ байхгүй гэдгээ мэдэн, яг одоо өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна» гэж хэлэх хэмжээний төлөвшсөн хайрыг бид өөртөө хөгжүүлэх ёстой.
Залбирлын эхлэл
Исаиа 43:25-д хэлсэнчлэн Та миний гэмийг арилган, намайг хүлээн зөвшөөрсөн учраас би өөрийгөө голж, эсэргүүцэх хэрэггүй гэдгийг мэдлээ. Та надад хайртай учраас би өөрийгөө эрүүл зөв аргаар чөлөөтэй хайрлах болно!