Харин [Ариун] Сүнсний [бидний дотор Түүний оршихуйн гүйцэлдүүлж байгаа ажил] үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр (намуун зан авир, биеэ барих)… — Галат 5:22
Амьдралынхаа явцад бид бүгд ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөхийг хүсдэг хэдий ч ингэхийн тулд тодорхой үйл явцыг туулахыг тэр болгон хүсдэггүй. Ерөнхийдөө энэ үйл явц бидний санаснаас илүү удаан үргэлжилдэг бөгөөд хаа нэгтээ бас хүлээх хэрэг гарах нь лав. Бид зөвөөр хүлээж сурах уу эсвэл энэ хүлээлтийг буруу ташаа ойлгож авах уу гэдэгт хамаг асуудал байна. Хэрэв бид буруу ойлголтоор хүлээж байвал үнэхээр зовж туйлдана. Харин Бурханы арга замаар хүлээвэл бид тэвчээртэй болж, тэр байтугай хүлээхдээ баяртай байна.
Христэд итгэлийн хамгийн чухал давуу чанарын нэг болох тэвчээрийг сурахад дадлага шаардлагатай хэдий ч нөхцөл байдал бүрт Бурханы тусламжийг авах үед тэвчээртэй болж чадна. Тэвчээр бол Сүнсний үр жимс. Энэ чанар сорилт дунд хөгждөг тул бид хэцүү нөхцөл байдлаас зугтаж болохгүй. Учир нь бид тэвчээрээ хөгжүүлбэл юугаар ч дутахгүй, эцэст нь бүрэн сэтгэл хангалуун байна гэж Библи хэлдэг (Иаков 1:2–4).
Бурхантай харилцах харилцаа маань хүртэл аажмаар өөрчлөгдөнө. Бид олон зүйлийг туулж гарах явцад хүссэнээсээ илүү удаан хүлээх шаардлага гардаг гэдгийг ойлгоно. Энэ бүхнээр дамжуулан бид Түүнд илүү баттай итгэж сурдаг.
Итгэлээр хүлээх нь амаргүй байж болно. Гэхдээ энэ таныг илүү хүчирхэг нэгэн болгоно гэдэгт итгээрэй. Тэвчээрийн ашиг тус нь хүлээлтийн амаргүй үеийн аливаа бэрхшээл, зовлонтой харьцуулшгүй агуу!
Залбирлын эхлэл
Бурхан минь, Тантай тогтоосон харилцаагаа илүү гүн гүнзгий болгосноор би өөрчлөгдөж, илүү их өсөхийг хүсэж байна. Энэ үйл явц нь тэвчээр шаарддаг бөгөөд Та энэ чанарыг миний дотор хөгжүүлснээр, би илүү их хүчирхэгжинэ гэдгийг мэдэж авлаа.