Энэ цагийн (одоогийн амьдралын) зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. — Ром 8:18
Христэд итгэгчдийн хувьд, Христийн алдрын хуваалцагчид болно гэсэн санаа бидэнд их таалагддаг. Харин Түүний зовлонг хуваалцах талаар юу гэж бодож байна? Есүсийн золиос бидэнд мөнх амийг бэлэглээд зогсохгүй энэ газар дэлхийд амьдрах хугаацаанд зориулж бас бялхам амийг өгсөн. Гэхдээ бид Түүний алдраас хуваалцагчид юм бол хэцүү бэрхшээл бүхий сорилтын цаг үеийг туулж, зовох ёстой гэж Библи зааж сургадаг. Тэгэх хэрэг байна уу? Ром 8:18-д хэлсний дагуу бол гарцаагүй хэрэгтэй!
Бид өөрсдийн нөхцөл байдлаас болж зовдог бөгөөд хэрэв байдал өөрчлөгдвөл би зөвөөр үйлдэж дөнгөнө гэж боддог. Харин Бурхан биднийг төдийлэн сайн биш нөхцөл байдалд ч зөвөөр үйлдэж чадах хэмжээнд төлөвшсөн, тогтвортой байхыг хүсдэг. Итгэлийн янз бүрийн түвшин байдаг бөгөөд ихэнх тохиолдолд бид итгэлээ бүх зовлон бэрхшээлээс ангижрахад хэрэглэдэг. Харин зарим тохиолдолд бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө нь биднийг итгэлийн илүү өндөр түвшинд хүргэж, энэ итгэлээрээ амьдралын түвэгтэй асуудал дундуур явж, туулан гаргах байдаг.
Бид ихэвчлэн Бурханы чөлөөлөх хүч чадлыг харж, шагшин гайхдаг ч Түүний тогтоон баригч, хүчирхэгжүүлэгч, чадваржуулагч хүч чадлыг төдийлөн анзаардаггүй. Иохан 16:33-д Есүс биднийг амьдралын сорилт, зовлонтой үед амар амгалангаар хангаж, тэдгээрийг ялах хүч чадлыг өгнө гэж амласан. Өнөөдөр би танд урам зориг өгмөөр байна. Хэрэв та зовлон бэрхшээлтэй үеийг туулж яваа бол зүрхээ чангалж, зоригтой байгтун. Учир нь Христ дотор та энэ үеийг давж гараад ирээдүйд Түүний илчлэгдэх алдраас хуваалцагч болно!
Залбирлын эхлэл
Эзэн, Ром 8:18-д одоогийн миний зовлонгууд Тантай хамт алхаж амьдрах алдрын дэргэд юу ч биш гэж хэлсэн. Би энэ хандлагаар амьдрахыг хүсэж байна. Замдаа тулгарсан аливаа зовлон зүдгүүрийг давж гарахын тулд Таны өгдөг амар тайван, хүч чадлын төлөө Танд талархаж байна.