Та нар хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ. Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Түүний санааг бид ямар мэдэхгүй биш. — 2 Коринт 2:10–11
Бурхан бидний дотор чөлөөтэй ажиллах боломж өгдөг учир уучлал бидэнд их тус болдог. Үл уучлалын хороор дүүрээгүй байхдаа би бие хийгээд сэтгэлийн хувьд хамаагүй сайхан байдаг. Хорсол, дургүйцэл, үл уучлалаас үүдэлтэй дарамтын үр дүнд хүн хүндээр өвчилж болзошгүй.
Хэрэв бид бусдыг уучлахгүй байвал Тэнгэрлэг Аав бидний гэм нүглийг уучилж өршөөж чадахгүй бөгөөд бид юу тарьснаа хураах болно (Maтай 6:14–15; Галат 6:7–8). Өршөөл, энэрлийг тарь. Тэгвэл та өршөөлийг хураах болно. Буруушаалт, шүүлтийг таривал өөрөө шүүгдэж, буруушаагдана. Зүрх сэтгэлийнхээ үүд хаалгыг Эзэний өмнө нээлттэй үлдээхийн тулд таны амьдралд өгсөн Бурханы нигүүлслээр бусдыг уучилж байх хэрэгтэй.
Үл уучлал нь диаволд бат цайз барихад хэрэгтэй тулгуур болж өгдөг. Тэр бат цайзаа барьсан бол Ариун Сүнсний нөлөөнд саад учруулж чадна. Уучилснаар та дайсанд таныг ашиглах боломж олгохоос сэргийлэх бөгөөд Бурхантай харилцах харилцаагаа чөлөөтэй, сэтгэл хангалуун хэвээр хадгалах болно.
Бухааны үгэнд дуулгавартай байхыг сонгосноор та Ариун Сүнсний хүч чадлаар дамжуулан дайсныгаа ялж дийлэх боломжтой болно. Иймээс өөртөө тус хүргэж, бусдыг уучлахад түргэн бай.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би амьдралд минь бат цайзаа босгох байр суурийг Сатанд олгомооргүй байна. Тантай нөхөрлөхөд ямар нэгэн зүйл саад болохыг би хүсэхгүй байна. Тантай үргэлж чөлөөтэй харилцаж, нөхөрлөхийн тулд би бусдыг уучлахаар шийдэж байна.